Дотоодын маргаанаа ч шийдвэрлэж чадахгүй, олимпийн хороогоор яана…

Мөрч
Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд болсон Олимпийн чуулганаар МҮОХ нь Ерөнхийлөгчөө хууль бусаар сонгосныг хүчингүй болгох иргэн Э.Мөнх-Очирын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр хуралдсан ч иргэн Д.Загдсүрэнгээс эрх ашиг нь хөндөгдөж байгаа тул өөрийг нь гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасны улмаас 3 дахь удаагаа хойшилж, шүүх хурал 4 дүгээр сарын 10-нд хуралдахаар тов гарчээ. Шүүх дээр маргаантай асуудал үүссэний улмаас МҮОХ нь жил тутам хуралдуулах ёстой гишүүдийн хурлаа 1-р сарын 25-ны өдөр зарласан ч хуралдуулж чадаагүй юм. Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь өнгөрсөн оны 12 дугаар сар, энэ оны нэгдүгээр сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг тус хурлаар хэлэлцэх тов гараад байсан билээ. МҮОХ-ноос гишүүдийн хурлыг 3 дугаар сарын 29-ний өдөр хуралдуулахаар дахин зарласан ч шүүх дээр үүссэн маргааны улмаас хуралдах эсэх нь эргэлзээтэй байна. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард Олимпизмыг аврах хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Ч.Бат-Эрдэнээс Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн комиссын дарга Бан Ги Мүүнд хандан Д.Загдсүрэнг эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн тул алба хаших эрхгүй хэмээн шалгуулах хүсэлтийг гаргасан байдаг. Ер нь сүүлийн үед Олимпийн хорооны дүрэм, ёс зүйн асуудлаар дотооддоо ихээхэн маргаантай байгаа юм. Уг маргаантай байдал 2014 оноос хойш буюу МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдснээс хойш өдийг хүртэл үргэлжилсээр байна. 2020 оны Токиогийн олимпийн наадмаас өмнө маргаанаа цэгцлэхгүй бол Монгол Улсын олимпийн баг тамирчдад нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулахад буруугүй юм. 
С.Санчир

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл