ЦЕГ: Л.Бямбаагийн ар гэрийнхэнд камерын бичлэгийг үзүүлсэн

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөв. Тус алба нь  өнгөрсөн онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга 573 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 15 мянга 443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн. Үүнээс арван гомдол мэдээллийг хаах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.  Нийт гомдол, мэдээллийн 99.8 хувийг гомдол мэдүүлсэн хугацаанд шийдвэрлэж, 9448 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тус албанаас олны анхааралд буй хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Энэ үеэр Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Тусгай  субъектийн үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд, улсын ерөнхий прокурорын А67 тоот тушаалаар шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын алба хаагч нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй 63 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 12 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 42 хэргийг хаах саналтайгаар прокурорт, гурван гомдол мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлээд байна. Эдгээр гомдол мэдээлэлд 25 шүүгч, 42 прокурор, 12 цагдаагийн алба хаагч, АТГ-ын дөрвөн ажилтан холбогдон шалгагдсан бөгөөд албан тушаалтнуудыг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрхэлж буй албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байна.

Мөн талийгаач шүүгч Л.Бямбаатай холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна гэв.

Түүнээс гадна сүүлийн жилүүдэд сүлжээний гэмт хэрэг нэмэгджээ.  Үүний хамгийн том гэмт  хэрэг болох “Жи тайм”  сүлжээний хэргийг шалгаж байна. Тус сүлжээнд 11.734 иргэн хохирсон гэж мэдүүлгээ өгчээ. Уг сүлжээг үүсгэн байгуулсан Казахстан улсын иргэн Ж.Марат нь хэргийг мөрдөн шалгах явцад оргон зугтааснаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй нь хэргийн мөрдөн байцаалтын явц хохирлыг барагдуулах ажил удаашрах шалтгаан болжээ. Энэ хэрэгт 6.9 тэрбум, 400 сая авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг хохирлыг барагдуулах зорилгоор мөрдөн байцаах шатанд битүүмжилжээ. Мэдүүлэг өгсөн иргэдийн хувьд 26 орчим тэрбумын хохирол гарсан гэх тооцоо гарсан байна. Хохирсон иргэдийн дийлэнх нь мөнгөө аваагүй” гэжээ.

+ There are no comments

Add yours