Хүн хэрээ хоёрын нөхөрлөл

Хүмүүс хэрээ гуаглахад тийм ч таатай ханддаггүй. Ер нь аль ч үндэстэн ястан үлгэр домог зэрэгтээ хэрээг мөнхийн сөрөг дүрээр илэрхийлдэг. Гэвч манай ард түмэн аливааг сайн сайхан талаас нь харж тайлж чадвал муу зүйл үгүй гэх билэг билэгшээлтэй өвөг дээдсийнхээ уламжлалаар гэрийн гадаа хэрээ гуагалвал “хурай, хурай, есөн цагаан өндөг гаргаарай” хэмээн ерөөх нь бий.

“Хэрээ зүс нь хар ч зүрх нь цагаан” хэмээн аав ээжийнхээ ярилцаж байхыг сонсоод ихэд гайхсансан. Үнэхээр цагаан зүрхтэй байдаг юм болов уу гэж бодож билээ. Хэрээ “гэр бүлийн хувьд” бусад шувууг бодвол илүү бат бөх харилцаатай, нэг хостойгоо бүхий л насаараа хамт байдаг, нэгнийгээ үхэж үрэгдсэний дараа үлдсэн хугацаандаа ганцаараа амьдардаг, түүнийхээ араас “амиа хорлох” үйлдэл хийж хун шувуу шиг “уянгалаад” байдаггүй илүү ухаалаг, илүү өөдрөг үзэлтэй, тэвчээртэй, байгаль цаг уур, амьдралын олон бэрхшээлүүдэд дасан зохицож, даван туулах чадвар сайтай гэж шувуу судлаачид үздэг. Харин нөгөө нэг нь хосоо алдсан тохиолдолд түүнийг “гэр бүлийнхээ” гишүүнээр тооцож ангаахай, дэгдээхэйг нь хамтран өсгөлцөж, эзэмшил газар нутгаа нэгтгэн амьдралаа цааш үргэлжлүүлдэг байна. Хөгширсөн эцэг эх нь болох шувуундаа хоол зөөж тэжээсээр үддэг байна. Гайхалтай гэр бүлсэг, биедээ тусархуу, үүрээ аюулгүй газар нягт нямбай барьж чаддаг, бусад шувуу үүрэнд нь ирээд өндөглөчихсөн байвал булаацалдаад байлгүй шууд л яваад өгдөг, жил бүр нэг үүр шинээр барьдаг хөдөлмөрч, тусч, сайхан сэтгэлтэй гэхчлэн хүнд байдаг аль л эерэг чанаруудыг өөртөө агуулсан болохоор нь цагаан зүрхтэй гэсэн нь учиртай байж. Хүмүүс хун шувууг хамгийн үнэнч шувуу хэмээн үзэж хайр дурлалын билгэдэл болгодог, гэтэл хэрээ түүнээс ч үнэнч бөгөөд бие биедээ төдийгүй хүнд ч амархан дасаж, нэг сайн санасан хүндээ насан турш итгэж явдаг байна. Шувуу судлаачид хун шувуунд зүүсэн бөгжний тусламжтайгаар тэд хосоо алдсан ч ирэх жил өөр нэгэн хостой болоод ирж байгаа нь цөөнгүй тэмдэглэгдэж, өөр олон оронд насан турш нэг л хостой байдаггүй юм байна гэдэг нь батлагджээ. Хэрээ хар ч нутгийн шувуу, хун цагаан ч харийн шувуу гэх үг ч бий.

Хэрээ хүн хоёрын нөхөрлөсөн бодит сайхан түүхийг “Хар шувууны цагаан түүх” номоороо нэрт зохиолч Ж.Дашдондог гуай түмэн олондоо хүргэж байсан билээ.
Хон хэрээ, хар хэрээ, турлиах, шаазгай гэхчлэн хэрээнийхэн овогоос монгол нутагт 12 зүйл нь бий. Хэрээг шинжлэх ухаанд 20-25 насалдаг гэж үздэг. Дээрх номонд бичсэнээр бол 1948 онд таарсан хүн шувуу хоёр 60 жил нөхөрлөж байна гэж гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд бодит баримт юм. Тэр ч бүү хэл монголчууд хэрээг 300 насалдаг гэж ам дамжуулан ярьдаг ч хараахан нотлогдоогүй.
Монголын төдийгүй гадаад улс орны бөө нар ч хэрээг “онгод тэнгэр явж байна” хэмээн шүтэж, билэгшээх нь түгээмэл. Онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршин, хүссэн газраа нисэж явдаг хэмээн тайлбарладагаас үүдэлтэй ийм ойлголт бий. Харин буддын шашны талаас бол Гомбо хэмээх тарнитай, догшин бурхны дагуул гэдэг.

Ямартай ч хэрээ маш зөнч, хэтэрхий мэдрэмжтэй амьтан. Сайн муу хүнийг хараад мэднэ, нэг харсан хүнээ хэзээ ч мартахгүй. Өөрт нь муу зүйл хийсэн хүнийг хүний нүд хүрэхгүй газраас таньж, зугтах төдийгүй бусаддаа ч анхааруулна. Бид хатуу зөөлний тэмдэгээ хасаад 33 үсгээр авиа тэмдэглэдэг бол хэрээ 46 орчим авиа гаргаж хоорондын харилцаанд ашиглана. Өөрийнх нь эзэмшил нутгаар урьд өмнө үзэгдээгүй амьтан, хүн, машин, техник гэхчлэн юу л байна тэдгээрийг орчин тойрондоо зарлан мэдэгдэнэ. Бусад шувуу амьтад хэрээний гуаглахыг сонсож мөн хөдөлгөөнөө зохицуулна.

Анчид буугаа доош нь харуулж үүрдэг нь бас учиртай. Учир нь хэрээ бууг өргөнөөсөө нарийссан хэлбэртэй буюу гозгор мод мэт дээшээ үзүүртэй байгаагаар нь таньж гуаглавал тэр өдрийн аз хийморь анчинг дайрахгүй л гэж ойлго. Учир нь хэрээ бууг таниад бүгдэд зарласан гэж ойлгож болно.

Хэрээ хүчтэй салхи шуурганы өмнө гуагалж цаг агаарын таагүй үзэгдлийг хүмүүст мэдээлдэг. Голын эрэгт хоёр хэрээ амнаасаа уур савсуулан хоорондоо ярьж буй мэт сууж байвал хэсэгтээ л тухайн орон нутагт дулаан, тогтуун байна гэсэн үг.

Намар хэрээ олноороо цуглана. Энэ нь эцэг эхийн эзэмшил нутгаас нүүж шинэ газар нутаг хайхаар гарч байгаа нь тэр. Харин эцэг эх нь анх нутагласан газраасаа нүүдэггүй, тэр орчмынхоо хэл улыг дамжуулан, бараг л тэр гуай, энэ гуай гэх нь холгүй бүгдийг таньж, дасаж дадсан нутаг орондоо насаа бардаг байна.

Өөрийн эзэмшил нутагтаа байж байгаль эх дэлхийгээ элдэв сэг зэм, үхэж хатсан амьтны үлдэглийг цэвэрлэн, халдвар нян тарахаас сэргийлдэг байгалийн ариун цэвэр сахиулагч гэж хэлж болно. Хэрээний нэг онцлог нь химийн утаанд хорддоггүй.

Гэрийн гадаа хэрээ гуаглахад муу ёртой гэхээсээ илүү болох гэж буй сайн мууг хэлж өгч байна гэж ойлгох нь зөв юм. Болох ёсгүй байсан муу муухайг энэ хэрээ л дуудаж авч ирэх гээд байна гэж ойлголгүй, дотоод зөн билгээ чагнаж эх байгалийнхаа дохио чимээг анхааран сонсож болгоож сэргээж явууштай. Шувуу болон байгаль эх хүнд хараал хийдэггүй, мууг ёрлож дууддаггүй. Хүн л өөртөө муу муухайг дуудах нь бий. Тиймээс монголчууд аливаа ёр зөнг сайнаар тайлж ерөөл болгон өргөж амьдарч иржээ.
Сайн муу ямар ч мэдээг бусад амьтдаас илүү хамгийн түрүүнд орчин тойрондоо зарладаг учир хүмүүс хэрээг сайтар чагнаж байх хэрэгтэй юм.

ИНГЭЭД ТА БҮХЭНДЭЭ “ХАР ШУВУУНЫ ЦАГААН ТҮҮХ БУЮУ МАЛЧИН БҮСГҮЙ БӨМБҮҮЛЭЙД ТОХИОЛДСОН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ”-ИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

———————————
Малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ
———————————

Дайны дараахан буюу 1948 оны хавар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элстэй багийн малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ. Тэр хавар бүсгүй дөнгөж арван найман нас хүрээд байлаа. Аргал түүж яваад хээрээс хөлөө хугалан нисч чадахаа байсан хэрээ олжээ.Говьд хаврын тарчиг цагт өлссөн хэрээ ядарсан цагаан зээр барих гэж байгаад зээрэндээ даруулж унан гэмтсэн нь тэр байжээ. Бүсгүй хэрээг өрөвдөн хугарсан хөлд нь мод барин боогоод аргандаа үүрэн гэртээ авчирчээ..
Хэрээнд хоол өгч бусад цагт нь араган дотор хийгээд орхино. Сүүлдээ хөл нь ч эдгэрч өөрт нь дасч бүсгүйн гараас хоол идэх болжээ..Хөл нь эдгэсэн юм чинь яваг гэж бодоод араган дотроос нь гаргасан боловч явсангүй.

Тэр цагаас хойш хэрээ хүн хоёрын нөхөрлөл эхэлж энэ жил жаран нэг дэхь хавартайгаа золгож байна. Бөмбүүлэй гуай ямар ч олон хэрээн дотроос өөрийнхөө хэрээг хугарсан хөлний бороолсон хэсэг дээр ургасан цагаан үсээр нь танина. Хэрээний хөл эдгэхдээ олом жирэм, унаганы ногтны ормоор олойртсон байдаг шиг цагаан үс ургасан байдаг тул түүгээр нь ялгадаг байжээ.

Бөмбөөлэй гуай надад ярихдаа:

Хэрээг хараал хийдэг хар өнгөтэй гэж л боддог байлаа.. Хэрээ хүний ачийг мартдаггүй сайхан сэтгэлтэй шувуу юм билээ. Монголчууд хэрээг гурван зуу насалдаг гэдэг. Миний хэрээ анх надтай учрахдаа хэдэн настай байсан юм бүү мэд.
Эр эмийг нь мал шиг ялгаж болдоггүй юм билээ. Тэхдээ миний энэ муу шувуу “бүсгүй” амьтан байгаа юм гэж билээ.
Улс амьтан юу ч гэх юм билээ гэж хэрээгээ хөөгөөд явдаггүй бөгөөд эхлээд эзэндээ аашлуулан хэд хоног ирэхгүй боловч удалгүй хүрээд л ирнэ.
Тэдний гэрээс холгүй үе дамжин нутаглаж ирсэн Гүн­шандны хайлаасны нэгэн дээр хэрээ үүрээ засжээ.
Хэрээ ухаантай гэдэг үнэн . Бөмбүүлэй гуай хааяа гэрт гадаа орж гарч байгаад малаа харахаа мартсан үедээ хэрээндээ:
Ажил хийгээд завгүй байхад малаа хардаггүй яасан залхуу шувуув гэж аашлахад хэрээ ихэд гэмшсэн маягтай өндөөр нисч малаа харчихаад эзнээрээ эрүүлэлгүй мал дээрээ дагуулаад очно..
Нэг эвгүй юм нь айлын гадаа байгаа чөдөр ногт, уурганы хуйв, малын тушаа, гялгар зүйл, толь, халбага сэрээг үүрэндээ зуугаад ирнэ. Бас манай гэрт авчирах тул хүмүүс хэрээгээрээ хулгай хийлгэлээ гэж хэлэх бий гэхээс санаа зовдог байлаа..

Хэрээ хээр хонь хургалсан байвал гэртээ ирж хэл өгнө.Хэл өгч байгаа нь андашгүй тоонон дээгүүр далавчаа шуугиулан ниснэ, гуаглана.Тэгээд л дагуулаад очно. Бүр нэг нь хургалсан хонио гэрээс хүн иртэл ээрч байна. Сүүлд нь бодоход энэ ч бас учиртай юм билээ. Хургалсан малын хагийг иддэг байсан юм билээ..

Уншигч та юун хоёр дахь хэрээ гараад ирэв гэж гайхаж магад. Анх ирсэн хэрээ эм хэрээ байсан тул “нөхөрт” гарч үргэлж хоёул явдаг байлаа. Тэр ч байтугай хөгшнийг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад нь эртэйгээ хоёул эргэж очсон байдаг юм.

Бас нэг сонин юм болжээ. Нутгийн нэг матаач Бөмбөөлэй хэрээ шувууны хэл мэддэг, хараал хийж магадгүй гэж дээд газарт алтан хошуу өргөжээ.Түүнийг шалгахаар аймгийн намын хорооноос хүн ирж шалгахад мань хүн:
Ямар юмных нь хэрээ шувууны хэл мэддэг юм.Хээрээс нэг өвчтэй шувуу олсон эдгээд л нисээд явчихна билээ гэжээ.

Түүний дараахан нэг өдөр хэрээ нь үр хүүхэд хань ижил нь бололтой тав зургаан хэрээ дагуулаад ирэхэд нь Бөмбөөлэй гуай хоол өгөх зуураа:
Та нараас болж намайг шалгасан. Дахиж битгий ингэж олуулаа ирж бай гэснээс хойш олуулаа ирэхээ байж гэрийнх нь ойролцоох хайлаасан дээрхи үүрэн дээрээ байх болсон гэнэ. Хаврын тарчиг цагт хоол идэш ховордож хэрээ өлсөх тул Бөмбөөлэй гуай өвөл идэш хийх үед гэдэс дотрын өвдөл цөвдөл базаана. Хадгалж байгаад хоол унд ховордсон үед шувуундаа өгнө.

Хэрээ зөнч ухаантай шувуу ажээ. Далавч нь шуугиад л элэн халин нисээд байвал тэр өдөр сайн мэдээ сонсоно.Ойр ойрхон нисч буугаад л гуаглаад байвал тэр өдөр хэрүүл юмуу согтуу хүн агсан тавих юмуу таагүй зүйл болдог байлаа.
Улс амьтан элдвээр хэлж байсан ч Бөмбүүлэй гуай огт тоохгүй өөрийгөө ядарсан амьтанд тус болж байна гэж бодож байсан.

Хөгшнийг ийш тийш явахад хоёр хэрээ нь хүүхэд шиг л дагана.Яагаад ч юм явахыг нь мэднэ.Сумын шуудангаар аймгийн төв ороход машиныг холоос дагана. Түүнийг мэдсэн хүү нь хүртэл сумын шуудан дагаад нисэж яваа хэрээг нь харж Ээжийн шувуу явж байна гэнэ. Машинаас хамаагүй түрүүлнэ.Бас хашир. Өөрийг нь явахгүй үлдчих бий
гэж боддог юмуу суусан хойно нь хойноос дагах юмуу шуудан зогсох газарт хэдийнэ ирчихсэн байна.
Сүүлдээ сумын шуудангийн зам, аймагт буудаг айлыг хоёрыг мэдчихсэн машин зогсоход түрүүлж ирээд хүлээж байх юмуу очих айлын нь ойролцоо түрүүлээд ирчихсэн хүлээгээд сууж байдаг байлаа.
Нэг удаа аймагт буудаг айлын борц хийсэн шуудайны буланг эвтэйхэн цоолоод” шомбодчихсоныг” мэдээд айхтар зэмлүүлснээс хойш хулгай хийхээ байсан гэдэг.

Тэр жил намар өвлийн заагаар Бөмбүүлэй гуайн бие чилээрхэж суудлаар хот явж эмнэлэгт хэвтэхэд нь түүнийг хэрээ нь эргэж ирсэн тухай Бөмбүүлэй гуай:
-Хөөрхий минь намайг эргэж ирсэн нь үнэн.Тэр холоос яаж ирсэн юм хөөрхий. Их сэрүү орсон цаг байсан. Вагонд суухыг харсан болохоор шөнөжин суудал дагаж ниссэн байх. Эсвэл суудлын дээр суугаад ирсэн юм шиг байгаа юм
Эмнэлэгт нэг палатанд хэвтэж байсан хүн:
Маргааш хагалгаанд орох гэж байхад муу ёрын юм. Энэ хоёр хэрээ хэд хоног цонхон дээр суугаад байх юм гэхэд хөгшин :
Миний муу хоёр шувуу намайг санаад бүр хар царайлчихсан бээвийгээд сууж байна гэж дуу алдсан гэдэг.
Хоёр хэрээ нь эзнээ харсныг мэдээд баярлалдан нисч байсан гэнэ.Хөгшин хэрээ нь эргэж ирснийг хүүхдүүддээ дуулгаж мах авчруулан сайн гэгч нь хоол өгөөд:
Та хоёр чинь гэр орон мал хуйгаа хаячихаад яаж яваа хүүхдүүдэв. Би удахгүй эдгээд харина. Хотын хэрээнүүдэд гадуурхагдаж хог идэж явсан биз .Одоо харьцгаа гэхэд хоёр хэрээ нь аав ээждээ зэмлүүлсэн хүүхэд шиг яваад өгчээ…

Энэ хоёр хэрээ эмнэлэгт хэвтсэн эзнээ эргэхийн тулд хэдий хэр холоос ирснийг бодож үзье. Бөмбөөлэй гуай амьдардаг Хөвсгөл сум нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос баруун урагш 170 км­т байдаг хилийн сум.Сайншандаас Улаанбаатар хүртэл 450 км байдаг юм. Тэхээр хоёр хэрээ 620 км газраас нисч ирсэн байна.
Шандаас хот орох суудлын галт тэрэг оройн 9 цагт хөдөлж өглөө 9 цагт хотод ирдэг юм. Тэхээр Бөмбүүлэй гуайн хоёр хэрээ шөнөжин нисэх юмуу вагоны нэг хэсэг дээр шөнөжин сууж явсан байж таарна.

Хотод буухад нь эмнэлэг хүртэл бас л сэм дагаж. Гарч ирэхгүй болохоор нь хөдөөнийхөн үзүүлдэг 1­р эмнэлгийн 300 гаруй цонхыг нэг бүрчлэн харж эзнээ хайсаар эзнийхээ хэвтэж байгаа палатыг нь олоод ирсэн байх нь. Намрын сэрүү орсон үед хоёр шувуу буцаад харихдаа бас л 600 км гаруй явж очно гэдэг шувуу байтугай хүнд ч амаргүй ажил .

Бөмбөөлэй гуайн хэрээ сайн санаатай хүнийг андахгүй. Ялангуяа тус сумын Л.Гайхал гэдэг хүнд сайн байсан гэдэг.
Өөрийг нь эзгүй бол ач охиноос нь л хоол авч иднэ.Өөр хэний ч өгсөн хоолыг иддэгүй гэнэ.Би аймгийн сонины эрхлэгч байхдаа Хөвсгөл сумын Чулуут багийн өдөрлөгт очиж телевизийн
нэвтрүүлэг хийх замдаа сумын засаг дарга Батмөнх, тамгын газрын дарга Ц.Чулуунбаатар нараар газарчлуулан Бөмбүүлэй гуайн очиж билээ.

Хэрээний зураг авах гэж яваа тухайгаа хэлтэл хөгшин:
-Ирэхгүй ээ? Манай шувуу тоо мэддэг юм. Сая та нар машинаас хэдүүлээ буусан бэ гэж асуусан. Бид
тавуулаа буусаан гэтэл:
Тэгвэл таван хүн машинд буцаж суугаад явж байгаа юм шиг гэрээс далд очоод хүлээж бай. Түүний дараа л нэг ирж магадгүй гэв
Бусдыгаа машинд суулгаж явуулаад оператортайгаа хоёул үлдлээ. Зураг авах камертай хүнээ бараан
дотор нуугаад би гэрийн хаяагаар харж хүлээлээ.
Бөмбөөлэй гуай хүн дуудаж байгаа юм шиг дуудтал хэрээ хаанаас ч юм нисээд ирэх нь тэр. Тэгснээ өнөө хэрээ зураг авах гэж нуугдсан операторын толгой дээр очоод суучих нь тэр. Ингээд бид зураг авч чадалгүй буцаж билээ.
Ямартай ч хэрээний тухай тэр сонирхолтой мэдээг Сайншанд телевизээр явуулахдаа манай зураглаач аймгийн Мах комбинат дээр очиж өөр хэрээний дүрс оруулсан гэдэг юм.
Хэрээ хамгийн урт настай шувуу гэдэг. Бас цагаан завьжтай хэрээ хамгийн урт настай юм гэсэн.Говийн жирийн малчин бүсгүйтэй 1948 он буюу одоогоос 61 жилийн тэртээ хувь зохиолоор уулзсан хэрээ хэдэн настай байсан юм бол.
Хорвоогийн амьдрал баян юм болохоор хэрээ муу хүнээс илүү ач тусыг ойлгон цайлган сэтгэл монгол ижийг 60 гаруй жил бараадан яваа бус уу.
Хөгшин өөрийнхөө хэрээг эм шувуу гэж боддог юм билээ. Харин хэрээний эр болох том биетэй хэрээ бол нөхөр нь. Түүнийгээ хөгшин Миний ааштай шувууг бодвол эр том биерхүү. Ааш зан нь дөлгөөн. Бас хүнийх шиг сайхан хар нүдтэй.
Хоол ундаа жижигтээ авчирч өгнө.Нэг бус удаа бусад хэрээнээс хамгаалж байхыг нь бодвол гэрийн эзэн юм шиг байгаа юм гэж хэлсэн нь сонин.
Ингэж газрын хүн, тэнгэрийн жигүүртэн хоёр нөхөрлөсөн сонин түүх ийм буюу.

Ж.Дашдондог “Хар шувууны цагаан түүх”

+ There are no comments

Add yours