Орос-Украины маргаанаас шалтгаалан Трамп Путинтай уулзахаас татгалзлаа

Аргентины нийслэл Буэнос Айрест болж буй “Их 20”-ын чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хийх гэж байсан уулзалтаа цуцалж байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлалаа.

Тэд Бямба гарагт уулзахаар төлөвлөөд байсан юм. Өнгөрсөн Ням гарагт Орос-Украины хооронд дэгдсэн Керчийн хоолойн маргаанаас шалтгаалан уулзалт цуцлагдсан байна.

Ням гарагт Украины флотын гурван хөлөг Керчийн хоолойгоор дамжин Хар тэнгисээс Азовын тэнгист хүрэхээр явж байхад нь Оросын тал булаан эзэлсэн юм.

Киев өөрийн хөлгүүдийг хоолойгоор нэвтрэхийн тулд урьдчилж Оросын хилийнхэнд мэдэгдсэн гэж байгаа бол Москва тэднийг хууль бусаар усан хилд халдсан гэж тайлбарлаж байна.

Пүрэв гарагт Цагаан ордноос Аргентиныг зорихдоо Трамп чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзах байх, эцсийн шийдвэрээ онгоцонд явахдаа зөвлөхүүдээсээ мэдээлэл авсны дараа гаргана гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Дараа нь удалгүй тэр твиттер хуудсандаа “Украины хөлгүүд, усан цэргүүд Оросоос буцаж ирээгүй байгаа тул би Аргентинд ерөнхийлөгч Владимир Путинтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцлах нь бүх талуудад ашигтай гэж үзэж байна. Асуудал аль болох түргэн шийдэгдсэний дараа илүү ач холбогдолтой уулзалтыг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна!” гэж бичсэн юм.

Кремлийн албаныхан АНУ-ын талаас албан ёсоор уулзалт цуцлагдсан тухай мэдэгдэл хүлээж аваагүй байгааг мэдээлжээ.

Трамп, Путин нар хамгийн сүүлд долдугаар сард Финландын нийслэл Хельсиникид уулзаж байсан. Хэдхэн хоногийн өмнө Парист болсон дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний үеэр уулзах боломжийн талаар яригдаж байсан ч уулзалт болоогүй өнгөрсөн юм.

+ There are no comments

Add yours