-20 хэмээс дээш хүйтэрсэн үед замын халтиргаа, гулгааг хайлуулах зорилгоор тусгай бодис ашиглана

Нийслэлийн авто замын халтиргаа гулгааг арилгах зорилгоор цацдаг давс, тусгай бодисын нөөц хангалттай байгаа гэж холбогдох албаныхан мэдээллээ. Жил бүр Захирагчийн ажлын албаны урсгал засварын хөрөнгөнд тусгай бодис болон давс авахад 350-400 сая төгрөгийг тусгадаг байна. Тусгай зориулалтын бодис тонныг нь 470 мянган төгрөгөөр худалдан авсан талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэвлэлд ярилцлага өгчээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1400 тонн бодис, 2000 гаруй тонн давс нөөцөлсөн байна. Гадна орчинд -20 хэмээс дээш хүйтэрсэн үед замын халтиргаа, гулгааг хайлуулах зорилгоор тусгай зориулалтын бодис ашигладаг аж. Олон жилийн дунджаас харахад Улаанбаатар хотын хэмжээнд 1500-2000 тонн тусгай зориулалтын бодис, 2500-3000 тонн давсыг өвлийн улиралд хэрэглэдэг байна. Сүүлийн жилүүдэд элсийг одоо төдийлөн ашиглахаа больжээ.

+ There are no comments

Add yours