Ганцхан хүн даавуун уутны хэрэглээтэй болсноор 22,000 гялгар уут байгаль бохирдуулахаас сэргийлнэ

-Жилд 500 тонноор хаягдаж буй гялгар уутны хэрэглээг “Тусчхан” зүгшрүүлнэ-

Хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутаа ердөө л 12 минут ашигладаг ч хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гуравхан хувь нь дахин боловсруулагддагийг Дэлхийн байгаль орчин хүн амын талаарх бодит статистик мэдээллийн The World Counts тооцоолжээ. Тийм ч учраас дэлхий дээр нэг өдөр хаягдаж буй хогны 30%-ийг гялгар уут эзэлдэг байна. Үүнээс болж жилд амьтад 100, 100 мянгаараа үхэж, уутны хаягдалд бохирдсон уснаас хүүхдүүд ууж байгаа нь дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болон хурцадчихсан.

Яг энэ асуудлыг өнгөрсөн зургаадугаар сарын эхээр Канадын Квебек мужийн Ла Малбайед болсон “Их-7”-ийн уулзалтаар Канад улсын санаачилгаар, байгаль орчин, хүрээлэн буй орчинд маш хортой нөлөөлж буй хуванцрын хэрэглээний талаар удирдагчид чуулж, баримт бичиг гаргажээ. Энэ хүрээнд Монгол Улсад суугаа Канад улсын Элчин сайд Дэвид Спрул манай улсын бохидоогүй цэвэр сайхан байгалийг хуванцрын бохирдлоос хамгаалах, монголчуудад гялгар уутны сөрөг нөлөөллийг таниулж, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Тусчхан” төслийг санаачилж буй талаараа өнөөдөр мэдээлсэн юм.

Энэхүү төслийн хүрээнд “Тусчхан” брэндийг бий болгож, гялгар уутны хэрэглээг бууруулах, байгаль хамгаалах үчлсэд хувь нэмэр оруулах зорилготой. Төслийг Хог хаягдлын үндэсний холбоо, Монголын хатуу хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Хоггүй Монгол” болон  “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-тай хамтран зохион байгуулах юм байна. “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын оёдлын цехээр дамжуулан зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгож, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний оёсон “Тусчхан” уутыг иргэдийн хэрэглээнд аажмаар нэвтрүүлж, зөв хэрэглээг дадал болгохыг зорьж байна. Энэ талаар:

Канад улсын Элчин сайд Дэвид Спрул:

Бидний хамгийн эхний зорилго бол мэдлэг түгээх. Өнгөрсөн зун болсон “Их-7”-ийн уулзалтаар Канад улсын манлайллаар баталсан баримт бичгийг Герман, Их Британи, Франц, Итали зэрэг орнууд мөн идэвхтэй ажиллана гэж найдаж байна. Төслийн үр дүн ямар байхаас шалтгаалаад бид цаашид хийх ажлаа төлөвлөнө.

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Батжаргал:

Манай холбоо Дэлхийн хатуу хаягдлын холбооны гишүүн болсон. Улаанбаатар хотод гялгар уут дахин боловсруулах хоёр үйлдвэр ажиллаж байна. Энэ үйлдвэрүүд нийслэлээс гарч буй бүх хаягдлыг боловсруулж байгаа ч орон нутаг дахь уутыг боловсруулж чадахгүй байна. Яагаад гэвэл орон нутгаас гялгар уутны хаягдлыг цуглуулж авчрахад тээврийн зардал өндөр байна. 1000 ширхэг уут 1 кг болдог. Их хэмжээгээр авчирсан нөхцөлд кг-ыг нь 150-250 төгрөгөөр авдаг. Ийм хэмжээний мөнгөөр орон нутгаас уутны хаягдлыг түүгээд ирэх хүн алга.

“Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам:

Манай байгууллага “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлээд 2017 онд 10 гаруй сургуулийн хүүхдүүдэд сургалт явуулсан. Эндээс харахад хүүхдүүд “хог гэдгийг хогийн саванд л хийх ёстой” гэсэн ойлголттой байна. Аль болох хог хаяхгүйгээр, түүнийг хэрхэн дахин ашиглаж болох вэ гэдэг талаар огт мэдэхгүй байгаа тул ээж, аав нар одооноос гялгар уут байгаль орчинд ямар хор хохиролтой болон хогийг зөв ашиглавал баялаг болдог гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.

Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийг 1.4 сая нь нийслэлд хамааралтай. Харин үүний 500 тонн нь зөвхөн гялгар уут юм. Гялгар уут байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэндэд ямар их хор уршигтайг ярьдаг ч иргэд өнөөг хүртэл ашигласаар байгаа нь тэдний ухамсарт нөлөөлөхгүй байгаагийн илрэл. Тэгвэл зарим баримтыг дурдъя:

  • Гялгар уут байгаль дээр задралгүй 100-400 жил болохдоо байгаль орчноор дамжуулан хүний эрүүл мэндэд хор учруулсаар байдаг
  • Хамгийн их хорт хий ялгаруулж, хөрс, ус, агаарыг бохирдуулдаг
  • Нийт үйлдвэрлэсэн торны 97 хувь нь байгальд хаа нэгтээ хаягддаг.
  • Ганцхан хүн гялгар уутны хэрэглээгээ даавуун уутаар сольсноор 22,000 гялгар уут байгаль орчныг бохирдуулахаас сэргийлдэг.
  • Гялгар уутыг бүр мөсөн устахыг хүлээе гэвэл 1,000 жил шаардлагатай.

+ There are no comments

Add yours