Монгол Улс хар жагсаалтад орж магадгүй

Төрийн ордон руу буугаар гал нээсэн “Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярт өршөөл үзүүлэн сулласан нь Монгол Улсыг террористыг өмгөөлж хамгаалсан гэсэн үндэслэлээр санхүүгийн хар жагсаалтад оруулах үндэслэл болж байгааг олон улсын байгууллагуудаас анхааруулжээ.

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлсэн жагсаалтад багтаах бас нэгэн үндэслэл нь манайд хойд Солонгосын 1700 орчим иргэд ажилладаг бөгөөд тэдний цалин хөлс шууд тухайн улсын дансанд ордог гээд НҮБ-ын хоригт орсон улсыг дэмжсэн болж таарч байгаа аж. Түүнчлэн 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль буюу Өршөөлийн хууль батлагдахад татварт мэдүүлээгүй 35 их наяд төгрөг ил гарсан нь олон улсын байгууллагынхны хараанд өртөж далд эдийн засгийн арвин  их нөөцөө “гайхуулсан” удаатай.

Монгол Улс дахь 543 Банк бус санхүүгийн байгууллага болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалаас татварыг бүрэн авч чадахгүй байгаа тухай ч мөн сануулгад дурдагджээ.

Гэтэл  дээр дурдагдсан алдаа дутагдлаа засч залруулснаа ирэх оны эхэнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон улсын бодлогыг тодорхойлдог Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо (Financial Action Task Force буюу ФАТФ)-нд тайлагнах хугацаа тулчихаад байна.

Бидний хувьд,  мөнгө угаах эсхүл терроризмыг санхүүжүүлэх хэргээр хөрөнгө хураасан, битүүмжилсэн, бусад улс орнуудад харилцан туслалцаа үзүүлсэн тохиолдол байхгүй. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил хангалтгүй, мөнгө угаасан хэргээр ял шийтгэл авсан нэг ч тохиолдол байхгүй зэрэг олон дутагдал байсаар л байгаа юм.

Манай улс хар тамхи, хүний наймаа, авилга, хээл хахууль гэх мэт хууль бус орлого олдог гэмт хэргийн тоо, хэмжээгээр бусад орнуудтай харьцуулахад өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтдаг юм байна. Гэсэн хэдий ч манай улсад мөнгө угаасан хэргээр ял шийтгэл авсан ганц ч тохиолдол байхгүй байгаа нь манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дутагдалтай байгааг илэрхийлж байна гэж ФАТФ үзжээ.

Монгол Улс хар жагсаалтад орох эсэхийг сарын дараа шийднэ

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог хангалтгүй хөгжүүлж байгаа улс орнуудад шалгах, улс орондоо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулна гэсэн улс төрийн хүсэл зоригийг тэдгээр улсаас шаардах тусгай бүлэг дээрх байгууллагад бий. Энэхүү хяналт нь prima facie review буюу анхан шатны хяналт, анхан шатны хяналтад хангалтгүй үнэлгээ авсан улс орнуудад хийх targeted review буюу хоёр дахь шатны хяналт гэсэн 2 үе шатаас бүрддэг. Энэ хоёр үе шат бүхий хяналтын дараа тухайн улс орон дотооддоо тодорхой, үр нөлөөтэй арга хэмжээ авсан нь нотлогдохгүй бол ICRG-гээс санал болгосны дагуу “ФАТФ-ын хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт” (FATF list of non-cooperative countries and territories)-д оруулдаг (http://www.fatf-gafi.org/).

Энэхүү жагсаалтыг ФАТФ өөрийн эмхлэн гаргадаг мэдээллийн хэрэгслэл цахим хуудсаар олон нийтэд ил тод болгож тухайн жагсаалтад орсон улс орнуудтай санхүүгийн харилцаа тогтоохгүй байхыг бүх улс оронд уриалдаг. Иймд, жагсаалтад орох нь тухайн улс орны санхүүгийн салбарт тогтохгүй бусад эдийн засгийн хөгжил, дэвшилд ихээхэн хор хохирол учруулдаг. Гадаадад зорчих иргэд банкны картаа ашиглаж чадахгүй байдалд хүрэх, санхүүгийн байгууллагуудын корреспондент харилцаа тасрах, улс хоорондын гуйвуулга, шилжүүлэг хийгдэхгүй байх гэх мэт олон хэлбэрээр энэхүү жагсаалтын хор хөнөөл их юм байна. Монгол Улс 2004 онд энэхүү санхүүгийн хоригт орж гадаад гүйлгээ зэрэг саатаж байсан удаатай гэнэ.

Одоогийн байдлаар 74 орон дээрх  хяналтад орох бөгөөд Монгол Улс түүний нэг юм. Хойд Солонгос, Иран улсууд ФАТФ-аас илгээсэн зөвлөмж, шаардлага, захидалд огт хариу ирүүлэхгүй байгаа тул “ФАТФ-ын хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-ад автоматаар орсон байна.

+ There are no comments

Add yours