Үе, үеийн Засгийн газрын ОГЦРОХ шалтгаанууд…

 

 

 

Төрийн эрх мэдлийн төлөө хэдхэн нам, хэдхэн хүмүүс л зөрчилддөг, тэмцэлддэг. Түүнээс иргэдэд төрийг хэн эрх барих нь бараг л хамааралгүй. Иргэд зүгээр л өөрсдийн эрхэлж буй зүйлээ аливаа нэг улс төрөөс үүдэлтэй дарамтгүй эрхэлж, тайван амгалан амьдрахыг л хүсдэг. Гэтэл нөмөрсөн арьсаа хамгаалах гэсэн улс төрчид эцсийн мөчид өөрсдийн хүслээ ард түмний мөрөөдөл мэтээр тулгаж аягладаг нь даанч харамсалтай. Ингээд 1990 оноос хойших 28 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын огцорч байсан түүхийг эргэн сануулья.

Дашрамд дурдахад, 1992 оноос хойш монголчууд өнөөдрийг хүртэл 16 Засгийн газрын нүүр үзсэн байдаг бөгөөд  2000-2004 онд Засгийн газрыг тэргүүлсэн Н.Энхбаярын танхимаас бусад нь нэг парламентын бүрэн эрхийн хугацааг дуусгаж чадалгүй цагаасаа өмнө огцорч байв. 2000 оны сонгуулиар МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш ийм олон гишүүнтэй бүлэг парламентад бүрдэж байгаагүй улс төрийн түүхэнд МАН анх удаа 65 суудал авсан ч олонхийн суудалтай МАН өөрсдийн эмхлэн байгуулсан Засгийн газраа огцруулж байсан түүхтэй. Ингээд Засгийн газрын тэргүүдээр нь хэдэн жил болоод хэрхэн огцорч байсныг товчхон сануулья.

 

М.Энхсайхан- УИХ-ын сонгуульд хамтран оролцсон МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл парламентад 50 суудалтай болж, ардчилагчид анх удаа Засгийн эрх барьсан. 1997 онд Завхан аймагт УИХ-ын нөхөн сонгууль болж, Н.Энхбаяр парламент руу орж ирж байжээ. Энэ үед эрх баригч эвслийн нэг жигүүр болох МҮАН-ын дүрэмд “УИХ-д олонх болсон намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн заалт байсан төдийгүй, “М.Энхсайхан УИХ дахь эвслийн бүлгийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байна” гэх гомдлыг ашиглаж Н.Энхбаяр “тоглолт” үргэлжилсэнээр М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд огцорч байв.

Ц.Элбэгдож- 1998 онд Ерөнхий сайдын тамга М.Энхсайханаас МҮАН-ын дарга, “Ардчилсан холбоо эвсэл”-ийн дарга Ц.Элбэгдоржид шилжив. Энэ үед эвслийнхэн дотооддоо албан тушаал, эрх мэдлээ булаацалдаж байлаа. 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд Засгийн газраа бүрдүүлмэгцээ сайдын суудлыг нэгдсэн намуудад тэнцүү хувааж өгсөн ч Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар гурван сар ч бололгүй огцров.

Шалтгаан нь нууц тогтоол. Засгийн газар 80 тоот тогтоол үйлдэн төрийн өмчийн “Сэргээн босголт” банкийг татан буулгаж, хувийн өмчийн “Голомт” банктай нийлүүлсэн тул УИХ–ын 26 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг тавив. Ц.Элбэгдоржийн Засгийн газраас “салах” ажиллагаанд “Ардчилсан холбоо” эвсэлд байгуулагдаад удаагүй байсан “Элсний 13”-ын бүлэг том дэмжлэг үзүүлсэн гэдэг. Энэхүү Засгийн газар 1998 оны долдугаар сарын 24-нд огцорсон бол “Ардчилсан холбоо” эвсэл дараагийн танхимаа байгуулах гэж найман сарыг үдэж байв.

“Ардчилсан холбоо” эвслийнхэн наймдугаар сарын 11-нд Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөхөөр хүргүүлсэн юм. Гэвч Ерөнхийлөгч түүнийг дэмжээгүйгээс Д.Ганболдын нэрийг Ерөнхийлөгчид долоон удаа өргөн барьж, долоон удаа бүдэрсэн нь түүх болон үлдсэн юм. Ингээд Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцсэн ч эвслийн олонх гишүүд санал хураах үед дэмжээгүй юм. Түүний араас нэр дэвшсэн МYАН–ын Г.Ганхуяг, Э.Бат-Yүл нар ч Ерөнхийлөгчөөс дэмжлэг аваагүй түүхтэй.

Ж.Наранцацралт- Ингээд арванхоёрдугаар сарын 8-нд Ж.Наранцацралт “Ардчилсан холбоо” эвслийн гурав дахь Ерөнхий сайд болов. Харин Ж.Наранцацралтыг ажлаа авснаас хойш долоон сарын дараа огцрох эсэх асуудлыг хэлэлцсэн шалтгаан нь Захидал. УИХ-ын нэгдсэн хуралдаанд “Засгийн газрын тэргүүн оны эхээр ОХУын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид захиа явуулсан. Захидлыг нууцаар хийсэн бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийг 240 мянган ам.доллараар худалдах тухай асуудлыг захидалд дурдсан байна” гэх дуулианыг Р.Гончигдорж дэгдээснээр Ж.Наранцацралтын тэргүүлсэн Засгийн газар огцорч байв.

Р.Амаржаргал- 1999 оны долдугаар сарын 30-нд Ерөнхий сайдаар томилогдов. Жилийн дараа УИХ-ын сонгууль болоход ганцхан сууудал авсан АН 2004 оны УИХ-ын сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулсан.

Ц.Элбэгдорж- 2000 онд Засгийн газар бүрдүүлэх асуудлаар УИХ дахь “Эх орон Ардчилал” эвсэл болон МАН-ын бүлгүүд зөвшилцөн, Их эвслийн Засгийн газар байгуулж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг эвсэл хоёр, хоёр жилээр хашихаар тохирч, Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдов.

Энэ томилгоо “Эх орон-Ардчилал” эвсэл УИХ-д олон суудал авахад нөлөөлж, “УИХ-д олонх болсон намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн АН-ын дүрэм ёсоор тус албан тушаалыг горилж байсан М.Энхсайханы дургүйцлийг хүргэсэн гэдэг.  Тиймээс эвсэлд багтсан “Эх орон” нам болон МАН-тай хамтран Засгийн газрыг огцруулах ажлыг эхлүүлсэнээр Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед МАН-ын гишүүдээс гадна АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг, Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар дэмжсэн юм.

М.Энхболд- 2006 онд Засгийн газрын тэргүүний сэнтий Ц.Элбэгдоржоос МАН-ын дарга М.Энхболдод шилжиж ирэв. Тэрбээр Засгийн газартаа Үндэсний эв нэгдлийн гэх тодотгол өгч, АН-ын “хаалгыг хааж”, ҮШН байгуулсан М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Л.Гүндалай, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарыг танхимдаа багтаасан юм.

С.Баяр- 2007 оны арванхоёрдугаар сард М.Энхболд МАН-ын Их хурлын шийдвэрээр тус намын дарга болсон С.Баярт Засгийн газраа хүлээлгэж өгсөн юм.  2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын маргааш Улаанбаатарт үймээн дэгдэж, “Долдугаар сарын 1” гэх бараан өдөр шинэ цагийн түүхэнд бичигдэв. Жагсаал, цуглааныг хэн зохион байгуулав, хэн үймээн дэгдээв гэх зэргээр удтал маргасны эцэст есдүгээр сард МАН, АН хамтран эвслийн Засгийн газрыг байгуулж С.Баяр Ерөнхий сайдаар томилогдсон юм.

С.Батболд- Хэдийгээр цаасан дээр “хамтарсан” гэж бичигддэг ч   “стандарт бус” гэсэн тодотгол байнга  дагалддаг энэ засгийн газрыг 2009 оны аравдугаар сард С.Баяр Ерөнхий сайдын албыг өөрийн хүсэлтээр С.Батболдод шилжүүлж байв.  Засгийн газрыг огцруулах хүсэлт УИХ-ын түвшинд нэг бус яригдаж байсан ч 2012 оны 2012 оны нэгдүгээр сард АН хамтарсан Засгийн газраас гарч С.Батболдын Засгийн газар “стандарт бус” гэсэн хочноосоо салсан гэж үздэг.

Н.Алтанхуяг- 2012 оны УИХ-ын сонгуулиар АН парламентад эрх барих хэмжээний биш ч бусад улс төрийн намаас илүү суудал авсан. Ийнхүү АН МАХН, МҮАН-ын хамтран байгуулсан “Шударга ёс” эвсэлтэй хамтран Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулсан.

Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, бондын мөнгөний үр ашиггүй хуваарилалт, Ерөнхий сайдын хүрээллийнхний нэр холбогдсон авлигын хэрэг, Үндсэн хууль зөрчсөн явдал зэрэг нь сөрөг хүчний хувьд энэ Засгийн газрыг унагах гол хөзөр болж байсан. АН-ынхан өөрсдөө Н.Алтанхуягаас “салах” арга сүвэгчлэхийн хамт нийгэмд Ардчилсан намын, ардчилагчдын нэр хүнд унасан.

Түүний засгийн “хойдох”-ыг унших ажиллагаанд АН-ын зарим фракцынхан буюу “Женко” Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Р.Бурмаа нар дээр “эсэргүү” Р.Амаржаргал, Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Батцогт нар нэмэгдэж “Шударга ёс” эвслээс Г.Уянга, Л.Цог нар дэмжлэг үзүүлснээр Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцорсон.

Ч.Сайханбилэг- Н.Алтанхуягийн гал тогоог барьж байсан түүнийг Засгийн газар тэргүүлж, шийдлийн Засгийн газар хэмээн нэрлэж ажлаа эхэлсэн түүнийг “хамгийн азгүй ерөнхий сайд” хэмээн нэрлэж байв, хэвлэлийнхэн.  Учир нь төсвийн алдагдал бараг тэрбум төгрөг давсан, ам.долларын ханш тасралтгүй цойлсон, 2013 онд 2 тэрбум 46 сая доллар байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний гурван улиралд 16.8 сая долларт хүртлээ шалдаа буусан үед Засгийн газрыг толгойлсон тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн захын гэр хороололд УИХ-ын сонгууль нэр дэвшээд өвдөг шороодсон нь “Засгийн газрын тэргүүн байж гэр хорооллыг сонгож очиж уналаа, тэргүүлсэн засагт нь иргэдийн өгч байгаа үнэлэлт…” гэх мэт яриаг гарахад хүргээд нам жим болж байв. Үнэндээ монголын түүхэнд анх удаа гэж хэлж болохоор содон нэр дэвшилж, мөн өвдөг шороодсон гашуун сургамж түүнийх байсан нь тэр байв.

Ж.Эрдэнэбат- Тоглоомын засгийн газрын тэргүүн хэмээн учир мэдэх улс төрчид түүнийг нэрлэдэг хэдий ч улсын тамга түүний гарт байсан он жилүүдэд маш том байр суурийг өөртөө бий болгосон хэмээн эндүүрч яваад “газардсан” нэгэн. Харьцангуй залуу улс төрч. Мөн хурдтай дээшилсэн намын татаас хэмээн нэрлэж ч болох. Түр албан тушаалыг бүр мэт итгэж яваад “ах” нартаа нам алгадуулж, газардсан түүнийг “дүрдээ итгэсэн бацаан” хэмээн өвгөн улс төрчид төдийгүй үеийн залуус нь далд шоглох нь их…

У.Хүрэлсүх- Улаан хамгаалагч, сэлэм эргүүлэгч. Засгийн газрын тэргүүнээр томилогдохдоо, “намайг, миний танхимын сайд нараас хууль бус юм битгий нэхээрэй… би үхсэн ч айхгүй, их цэвэрлэгээ хийнэ…” гэх мэтээр том том дуугарсан ч хамгийн будилаантай Засгийг тэргүүлсэн гэдэг нэр түүнээс хэзээ ч салахгүй “наалдсан” нь харин ч нэг үнэн. Түүний тэргүүлж байсан Засгийн гишүүд ЖДҮ-гийн “дээрэмчид” байж таарсан нь тэрбумаар нь хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, хамгийн өндөр хүүгээр иргэддээ эргээд зээлддэг “адгийн мөнгө угаагчид” байж таарсан. Мөн төрийн албан хаагчид нэгнийгээ ажлын байранд нь зодож хөнөөж, авлигын хэргээр өндөр албан тушаалтнууд ар араасаа шоронгийн хаалга татаж, адаг сүүлд нь өөрөө засгаа өгөөд буйранаа буцахдаа тулж байгаа… Намын хагарал, албан тушаалын хэнээрхэл чинээндээ тулж, адаг сүүлд нь тогооноосоо дэвэрч асгарсан энэ цаг хугацаанд түүний Засгийн газар дөнгөн данган тогтож, ард иргэд түүнийг сүүл мушгисан Ерөнхий сайдаар “цоллож” байгаа…

 

 

+ There are no comments

Add yours