Зээлээ төлдөггүй компаниудад олгосон нийт зээл 73.9 тэрбум…

Мөрч

Н.Алтанхуягийн Засгийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр баталж, нэр бүхий компаниудад их хэмжээний зээлийг олгож эхэлсэн байдаг. Ингээд 2015 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд  аудит оруулж, тайлан гаргасан байдаг.

Уг тайланд, “тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг авч үзэхэд 2-6 шалгуур үзүүлэлтийг хангаагүй Од групп ХХК, Эрдэнэт фүүдс ХХК, Жавхлант групп ХХК, Улаанбаатар гурил ХХК, Милл хаус ХХК, Улаан од ХХК зэрэг гурилын үйлдвэрийг шалгаруулж 73.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь ҮХААЯ энэхүү дэд хөтөлбөрийн 2.7.2 дахь заалтыг зөрчсөн”.

“Мөн “Дархан таван нуур” ХХК-ийн захирал 314.0 сая төгрөгийг хувьдаа зарцуулж, 157.9 сая төгрөгийн анхан шатны баримтгүй зарцуулсан”, “Орхон Мандал” ХХК 2012 оны ургац хураалтын шатахуун, сэлбэгт 67.3 сая төгрөг, комбайн худалдан авахад 72.5 сая төгрөг зарцуулсан буюу нийт 611.7 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалт бусаар зарцуулсан”.

“Интосэ” ХХК 1 тн улаан буудайг 550.0 мянган төгрөгөөр худалдан авсан гэж байгаа боловч улаан буудайн төлбөрийг шилжүүлсэн баримтгүй улаан буудай авсан нь баримтаар нотлогдоогүй зөрчлийг илрүүлэв.

Түүнчлэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын шалгалтаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа ҮХААЯ-ны боловсруулсан “Төсөл сонгон шалгаруулах баримт бичиг”-ийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй, ААН-ийг шалгаруулж, 35.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь дэд хөтөлбөрийн 2.7.2 дахь заалтыг зөрчсөн.

“Мөнххалдун” ХХК 1.6 тэрбум төгрөг, “Агро альфа” ХХК нь 786.4 сая төгрөг, Алтан давхарга” ХХК 1.9 тэрбум төгрөг, Евролайн ХХК 4.6 тэрбум төгрөг, Органик солюшинс ХХК 4.1 тэрбум төгрөгийг гэрээний үүргээ зөрчиж зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь баримтаар нотлогдоогүй, тус аж ахуйн нэгжүүд ҮХААЯ-тай байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” төсөл хэрэгжүүлэх гэрээний заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчлүүдийг илрүүлэв…” гэсэн байв.

Иргэд татвараа төлөх гэж унтах нойр, идэх хоолоо хасан зүтгэж байхад, эрх мэдэлтнүүд нь ийнхүү хувааж идээд л тарвалзаж хэвтдэг нь үнэхээр харамсалтай. Тиймээс бид энд дурдагдсан компаниудын цаад эздийг гаргаж, олон нийтэд ил мэдээлэхээр ажиллаж байгаа болно.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг