Загасчлахаар гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайсаар байна

Энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчимд Завханы Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нуур руу Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн 48 настай, эрэгтэй Ж нь загас барихаар завьтай яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг 12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, ар гэрийн 12 хүн, орон нутгийн нэг иргэн, нийт 22 хүн, гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн гурван баг 11 дүгээр сарын 13-ны өдөр “Хар нуур”-ын эрэг дагуу болон нуурын голд орших “Их-Авгаш”, “Бага-Авгаш” арал орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон байна. Харин 16:00 цагт “Их-Авгаш” арлын зүүн урд талын эргээс тухайн иргэний хэрэглэж байсан завь болон сэлүүрийг /Ө-48°20’48.35″, У-96°09’20.37”/ хөвж явахад нь олсон аж.
Өнөөдөр буюу 11 сарын 14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Гэвч одоогийн байдлаар сураггүй болсон  иргэний талаарх тодорхой мэдээлэл олдоогүй бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

+ There are no comments

Add yours