Бууны хараан доорх амь нас

Сэтгүүлчдийн амь насанд халдсан дуулиант хэргүүдээс

Он гарсаар сэтгүүлчдийн амь нас, эрүүл мэндэд онц хэрцгийгээр халдаж, дэлхий нийтийг цочирдуулсан хэрэг олон гарлаа. “Тойм” сэтгүүл 2018 онд гарсан сэтгүүлчдийн эсрэг хамгийн дуулиантай хэргүүдийг онцолж байна.

IV.30. Нэг өдөр 10 үхэл

Хутганы ир, бууны хараан доорх амь нас...

2018 он гарсаар Афганистанд 14 сэтгүүлч амиа алджээ. Эдгээрийн 10 нь нэг өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд тохиолдсон байдаг.

Энэ өдөр Афганистаны нийслэл Кабул хотод амиа золиослогчдын зохион байгуулсан хоёр дэлбэрэлтийн улмаас 25 хүн амиа алдсаны ес нь хэвлэл мэдээллийн ажилтнууд байв.

Radio Azadai (Radio Free Europe) радиогийн сэтгүүлч Хананзави Эзадолла, Какакер Сабвон, ToloNews телевизийн зураглаач Тохи Яр Мухаммад, AFP агентлагийн зурагчин Фези Шах Марай, Mashal TV телевизийн сэтгүүлч Талаш Салим, Салими Али, TV1 телевизийн сэтгүүлч Ражаби Али, зураглаач Расоли Гази нар амиа алджээ.
Яг энэ өдөр Хоси хотод зэвсэглэсэн этгээдүүд BBC агентлагийн Афганистан дахь сурвалжлагч Шах Ахмадыг гудамжинд явж байхад нь автомат буугаар шүршиж хөнөөсөн байна. Үүнээс хойш дахин дөрвөн сэтгүүлч цаг бусаар амиа алдсаны хоёр нь Кабулын халдлагаар сэтгүүлч, зураглаачаа алдсан ToloNews телевизийнх байв. Өөрөөр хэлбэл Афганистаны нэг телевиз л найман сарын дотор дөрвөн хүнээ цаг бусаар алджээ. Сар бүр нэгээс илүү сэтгүүлч бусдад хөнөөгддөг гэдгээрээ Афганистаныг сэтгүүлчдэд хамгийн халтай улсад тооцож болох юм.

X.02. “Мөсөн уулын орой”…

Хутганы ир, бууны хараан доорх амь нас...

АНУ-ын иргэн, сэтгүүлч Жамал Хашоггиг тамлан хөнөөгөөд цогцсыг нь худагт хаясан хэрэг Турк дэх Саудын Арабын ЭСЯ-нд гарч дэлхий нийтийг цочирдууллаа.

Хэргийг үйлдсэн, оролцоотой гэдэг нь тодорхой Саудын Арабын эрх баригчид хэргээс мултрахыг оролдож, сэтгүүлчийг ЭСЯ-ны байрнаас гарч явсан мэтээр жүжиг хүртэл дэглэсэн нь дэлхий нийтийн жигшил зэвүүцлийг хүргээд байна.

Гадаад хэргийн сайд Адель аль Жубейр нь Жамал Хашоггиг ЭСЯ-ны байранд амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн ярилцлагыг “Fox News” телевизэд өгөхдөө угсаа залгамжлагч ханхүү Мухаммад ибн Салман Аль Саудыг хэрэгт ямар ч хамаагүй хэмээн байн байн цохон тэмдэглэсэн нь олон нийтэд улам ч их эргэлзээ төрүүлж орхив. Өрсөлдөгч нарынхаа эсрэг хууль хүчний байгууллагыг ашиглаж, “цэвэрлэгээ” гэж хэлж болохуйц үйл ажиллагаа явуулснаараа “Цуст ханхүү” гэж цоллогдоод байгаа тэрээр энэ хэрэгт ямар нэгэн сэжмээр холбоотой гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хардан бичсээр байгаа юм.
Энэ хэргээс болж АНУ, Саудын Араб, Туркийн харилцаа эрс хүйтэрч, цаашдаа олон улсыг хамарсан “Дипломат дайн” дэгдэх эрсдэлийг үүсгээд байгаа юм. Д.Трамп Саудын Арабын энэ үйлдлийг хурцаар шүүмжилсэн ч Ирантай хийж буй эдийн засгийн дайнтай холбоотойгоор хориг тавихаа азнаж, олон тэрбумын үнэтэй зэвсэг нийлүүлэх гэрээгээ хэвээр үлдээсэн. Харин ХБНГУ-д ийм шалтгаан байхгүй тул Канцлер А.Меркель Саудын Арабт зэвсэг нийлүүлэх гэрээгээ цуцаллаа. Саудын Арабын гол өрсөлдөгч Иран улс Ж.Хашоггийн хэргийг бусдаас илүүтэй буруушааж, “Эр Рияд үнэн нүүр царайгаа харууллаа” хэмээсэн бол Саудын Арабтай муу харилцаатай Катар мөн боломжийг ашиглан хурцаар шүүмжилж буй. Хамгийн ноцтой нь, Саудын Арабын хааны гэр бүлийг шүүмжилдэг, тус улсаас гадагш дүрвэсэн хүмүүс учир битүүлгээр алга болдог баримт ар, араасаа дэлгэгдсээр. Саудын Арабаас дүрвэн гарсан дөрвөн ханхүүгийн гурав нь сураггүй алга болсон хэрэг эргэн сөхөгдөж байна. Ж.Хашоггийн хэрэг Саудын Арабын “залхаан цээрлүүлэх” ажиллагааны зөвхөн нэг нь, мөсөн уулын орой ч байж мэднэ.

ОХУ-ын иргэн, цэргийн сэтгүүлч Орхан Джемаль, найруулагч Александр Расторгуев, зураглаач Кирилл Радченко нар өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр Төв Африкийн бүгд найрамдах улсад халдлагад өртөж амиа алджээ.

Тэднийг тус улсад хөлсөөр байлдааны ажиллагаа явуулдаг “Частная военная компания” хэмээх орос эзэнтэй цэргийн ангийг сурвалжлахаар явж байсан гэсэн мэдээлэл цацагдсан. Дмитрий Уткин буюу Вагнер гэж алдаршсан этгээдийн удирддаг, хөлсний цэргүүдээс бүрдсэн уг анги Донбасст байлдааны ажиллагаа явуулж байсан бөгөөд Сирийн Засгийн газрын талд байлдаж байсан цэргүүдийг эгнээндээ нэгтгэсэн гэгддэг.
Мөн өөр нэг эх сурвалжийн өгсөн мэдээллээр, сэтгүүлчид Ардчилсан Конгод алт хууль бусаар олборлож, бусад улс руу гаргадаг сүлжээг сурвалжлах ажлаар явж байсан гэнэ. Энэ хэрэгт ОХУ, БНХАУ-ын иргэд оролцдог гэсэн мэдээллийг аль хэдийнэ авсан байж. Тэгээд мэдээллээ баримтжуулахаар явж байгаад амиа алдсан гэх ажээ. Тэд хүссэн зүйлээ олсон, тэр видео нь хэн нэгэнд таалагдаагүйгээс болж амиа алдсан байх магадлалтайг эх сурвалжууд үгүйсгээгүй аж. Сэтгүүлч Орхан Джемаль нь Хойд Кавказ, Өмнөд Осет, Афганистан, Ирак, Ливан, Сири, Саудын Араб зэрэг халуун цэгт ажиллаж байсан бол А.Расторгуев, К.Радченко нар олон баримтат кинонд ажилласан туршлагатай хүмүүс байв.

Авлигач, луйварчин, “баг зүүсэн” эрх мэдэлтнүүдийн хамгийн том дайaсан нь эрэн сурвалжлах сэтгүүлчид байдаг.

Улс орны эдийн засагт үлэмж хохирол учруулсан олон ч хэргийг эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлж байсан түүхтэй. Гэвч гэмт этгээдүүд өс санаж, сэтгүүлчийн амь насанд халдах тохиолдол цөөн боловч гардаг. Тэгвэл тийм нэг тохиолдол нь Европын холбооны гишүүн Болгар улсад гарав. Улс төр, эдийн засгийн чиглэлээр эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлч Виктория Мариновагийн цогцос энэ сарын 6-ны өдөр Софи хотын паркаас олдсон бөгөөд гэмт этгээд түүнийг эхэлж зодож, хүчирхийлээд дараа нь хөнөөсөн болохыг шинжээчид тодорхойлсон юм.
Тэрээр хувийн TVN сувгийн редактораар ажиллаж, “Детектор” хэмээх эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ авлигачдыг илчилдэг байсан аж. Хамгийн сүүлд тэрээр түшмэдүүд Европын зөвлөлийн сантай хамтран луйвар хийж, хээл хахуулийн сүлжээ үүсгэсэн талаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийсэн бөгөөд эхний дугаар нь сэтгүүлчийг нас барахаас долоо хоногийн өмнө эфирт гарчээ.

+ There are no comments

Add yours