Сонирхогчдын хөлбөмбөгийн футзалны аварга шалгаруулах тэмцээн болов

НАМЗХ-ны дэргэдэх “Хан-Уул” клубын нэрэмжит сонирхогчдын хөлбөмбөгийн футзалны аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн амралтын өдрүүд буюу 10,11-нд “Сүлд” спорт хорооны зааланд болж, шилдэгүүдээ тодруулсан юм. Тус тэмцээнд нийслэл, орон нутгийн хөлбөмбөгийн тэмцээнд тасралтгүй амжилттай оролцдог, үндэсний лигийн болон шигшээ 12 багийн 140 гаруй тамирчин оролцсон байна. Энэхүү тэмцээн нь удахгүй болох Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго болж байгаагаараа онцлог ажээ.

Тэмцээнд “Хан-Уул 1″, “Хан-Уул 2”, “Хүрээ хөвгүүд”, “ЗХ 337”, “Hunters”, “Соёмбо”, “Manchester United”, “Капитрон” “Барсууд” “Ган-Сонор”, хөдөө орон нутгийн “Bluе-Dragon”,“Дархан” багийн татмирчид оролцсоноос тэргүүн байрт “Хүрээ хөвгүүд” баг шалгарч, шилжин явах цомын эзэн болсон байна. Дэд байрт “Хан-Уул 1”, гутгаар байрт “Ган-Сонор” баг оржээ. Мөн “Шилдэг довтлогч”-оор “Хүрээ хөвгүүд” багийн Энхтөр, “Шилдэг хамгаалагч”-аар “Хан-Уул 1” багийн Ц.Ган-Эрдэнэ, “Шилдэг мэргэн бууч”-аар “Ган сонор” багийн Пүрэвдорж нар шалгарч шилжин явах цомын эзэд болсон юм.

“Хан-Уул” клуб нь 2014 онд Хан-Уул дүүргийн 16 наснаас дээш насны хүүхэд залуучуудын цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхолтой залуучуудын бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгох зорилгоор анх үүсгэн байгуулагдсан спорт клуб юм байна.  Тус клуб нь 2014 оноос үйл ажиллагаагаа тогтмол, тасралтгүй явуулж Хан-Уул дүүргийн хөлбөмбөгийн спортод сонирхолтой залуучуудыг дэмжиж ирсэн аж.  Уг клуб хүрээгээ тэлж өдгөө хөлбөмбөгийн 40 гаруй тамирчин залуус, сагсан бөмбөг 20 гаруй тамирчид, цэнгээнт бүжгийн 40 гаруй залуучуудаар бүл нэмж нийт 300 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа юм байна.

Шагналыг тус тэмцээнийг санаачлан зохион байгуулсан НАМЗХ-ын дэргэдэх “Хан-Уул” клубын тэргүүн А.Амартүвшин гардуулж, баг тамирчдад баяр хүргэжээ. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Шинэ сонголт” ХХК дэмжин ажилласан бөгөөд тэргүүн байр шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл 1,000,000 төгрөг, дэд байр мөнгөн медаль, өргөмжлөл, 800,000 төгрөг, гутгаар байр хүрэл медаль, өргөмжлөл, 600,000 төгрөг, шилдэг тоглогч, шилдэг хамгаалагч, тэгш тоглогч нар тус бүр шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ. Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

 

+ There are no comments

Add yours