Ерөнхийлөгчийг 2019 оны төсөвт хориг тавихыг уриаллаа

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж мэдээлэл хийлээ. Тус бүлэг ЖДҮХС-гаас зээл авсан Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байсан юм.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хугацаагүйгээр байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ байдал үргэлжлэх юм бол бид дараагийн арга хэмжээг авна.

ЖДҮХС-гийн үйлдвэрлэл эрхлэгчдэд очих байсан мөнгийг Засгийн газар нь сайд, УИХ-ын гишүүдтэйгээ зохион байгуулалттайгаар хуйвалдан авсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон.

Мөн АН-ын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр баталсан. Зарим нь байхгүй гишүүдийнхээ кнопыг дарсан.

Тиймээс Монгол Улын Ерөнхийлөгчийг 2019 оны төсөвт хориг тавина уу гэсэн уриалга гаргаж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2019 оны төсвийн тухай хуульд нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд  хасах 1.9 их наядын алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу. Зөрүү 1.9 их наядыг гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүлжүүлэх гэж байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн хорих тавих байх гэж бүлэг найдаж байгаа. Хоригийн хүрээнд 370 гаруй зураг төсөвгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй.

700 гаруй тэрбум төгрөгөөр халамж тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байгаа. Гэвч нөгөө талдаа үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлж байгаа санхүүжилт байхгүй байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэд шатахууны үнийг өсөлтийг эсэргүүцэж жагсаал хийж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар бензин, шатахууны үеийн чөлөөт зах зээлийн эдийн засагт нь даатгаж орхилоо. Бид оролцохгүй гэдэг мэдэгдлийг хийсэн. Энэ цаг үеэс эхэлж шатахууны үнэ эрс нэмэгдсэн.

Бензин шатахуун импортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрнө гэдэг том алдаа. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Үнийн зохиомол хөөрөгдлийг таслан зогсоох ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-2018 онд 800 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийгээд одоогоор 50 хувьтай байна гэж байна. Ирэх оны төсөвт 1.5 их наяд төгрөг хуваарилсан. Энэ хөрөнгө оруулалтын ажлын хийж амжина гэж тооцож байна уу?

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -2019 онд төсвөөс  1.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн байгаагийн 800-г нь 2018 онд хэрэгжүүлсэн. Үлдэж байгаа нь ирэх онд шинээр барих гэж байгаа барилга байгуумжид зарцуулагдана.   Тэгэхээр ийм их хэмжээний барилга байшинг өрөөр санхүүжүүлж барих зайлшгүй шаардлага байна уу гэж харж байна.

-ЖДҮХС-гаас зээл авсан төрийн албан тушаалтнуудын тоо нэмэгдсээр байна. Үүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: -Сүүлийн хоёр жилд зохион байгуулалттай байдлаар зорилтот бүлгээсээ хазайсан. Хамгийн ноцтой нь зохион байгуулалттайгаар Засгийн газрын гишүүд нь өөрсдөө оролцсон. Бид У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой гэсэн шаардлага тавиад байгаа.

+ There are no comments

Add yours