Баавгай малчны өвөлжөө рүү дайрч, гэрийг нь эвджээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар баг Яргайтын ам орчимд намаржиж өвөлжиж байгаа найман айлын гэр хотыг баавгай түйвээсэн явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Тодруулбал, аравдугаар сарын 21-нээс хойш баавгай малчдын хот руу дайрч, хэд хэдэн айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыг нь идсэн байна. Азаар хүн, малд халдаагүй аж.

БОАЖЯ-ны захиалгаар Хонгор суманд очсон Амьтан хамгаалах сангийнхан уг баавгайг хоёр хоногийн турш хайж, мод торлогтой газруудад дрон тавьж үзсэн боловч олоогүй байна. Иймд баавгайг хөвч рүүгээ буцсан гэж үзэж аймаг, хотоос очсон ажлын хэсэг бууж иржээ. Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын даргаар ахлуулсан Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албаныхан багтсан ажлын хэсэг Амьтан хамгаалах сангийнхантай хамтран ажиллаж халдлагад өртсөн, өртөж болзошгүй арваад айлд зөвлөмж өгчээ.

Баавгайн идээшил нутагт нь айлууд түрж буусан, Хүйтний голын эхэнд “Эрэл”, “Морьт хангай”, “Монзол” зэрэг алтны таван уурхай ажиллан экологи, зэрлэг амьтны суурьшил гүйдэлд нөлөөлсөний сөрөг үр дагавар гэдгийг Амьтан хамгаалах сангийнхан онцолжээ. Мөн орон нутгийн засаг захиргаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс баавгайн идээшил нутагт цөмөрч орон нутаглаж байгаа малчдаа нутгийн гүнээс татан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгчээ. Амьтан  хамгаалах сангийнхан энэ  талаараа өнөөдөр БОАЖ-ын сайдад танилцуулах юм байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн бямба гаригийн 21 цагт Нийслэлийн байгаль орчны газрынхан Налайх дүүргээс мөн нэг бамбарууш барьж Амьтан асрах байранд хүргэжээ. Түүнчлэн Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин айлын хотонд мөн нэг бамбарууш орж ирснийг хашин тэжээж байгаа ажээ. Бамбарууш олноор төв суурин болон малчдын хотонд орж ирж байгаагийн шалтгаан нь эхийг нь хулгайн анчид агнасан байж болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм.

+ There are no comments

Add yours