АСЕМ-ийн үеэр 290 гаруй тэрбум төгрөгийг завшигдсан уу

2016 онд манай улс АСЕМ-ийн дээд төвшний уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтад 23.6 тэрбум төгрөг баталж, 20.8 тэрбумыг нь зарцуулсан гэж мэдээлж байсан ч 395.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Түүний 90.9 тэрбум нь улс, нийслэлийн төсвөөс, 46 тэрбум нь төрийн өмчит ААН, хандив тусламжаас, 258.7 тэрбум нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байдаг. Энэ талаарх баримтыг өнгөрсөн зургадугаар сард Үндэсний Аудитын газраас мэдээлсэн билээ.

Тус газраас АСЕМ-ийн санхүүжилтэд шалгалт хийж 163.6 сая төгрөгт акт тогтоож, 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Саяхан хуулийн байгууллагаас АСЕМ-ийг зохион байгуулах үеэр мөнгө завшсан байж болзошгүй 17 албан тушаалтныг зарлажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хотын дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, “Дулааны II цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХАА-н мэргэжилтэн М.Энхбат, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ж.Отгонбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа аж.

Тэднийг Аудитын дүгнэлтэд үндэслэн 290.9 тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж буй юм байна.

Үндэсний Аудитын газар

+ There are no comments

Add yours