Монгол оюутны зураг төслөөр Астанад тансаг зэрэглэлийн орон сууц барихаар болжээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын “Мангилик ел” өргөн чөлөөнд ирэх сараас монгол оюутан А.Нурсултаны зураг төслийн дагуу 38 айлын тансаг зэрэглэлийн орон сууц барихаар болжээ. А.Нурсултан “Төслийн ерөнхий архитектороор ажиллаж, хоёр сарын турш хийсэн ажлын зургаа улсын экспертиз дээр амжилттай хамгааллаа. Уг барилга хотын төв хэсэгт ирэх сараас баригдаж эхэлнэ” гэжээ.

Түүний хувьд 2017 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Барилга, архитекторын их сургуулийг дүүргэж, энэ жилээс Астана хотод магистрт суралцаж байгаа аж. Хичээлийн бус цагаар “Сан-саулет” хэмээх компанид ажил хийдэг байна. Эдүгээ Алматы хотод баригдах дөрвөн мянган тонн ногоо хадгалах хүчин чадалтай агуулах, Актобе мужид баригдах спорт цогцолбор болон Дорнод Казахстан мужид баригдах музейн барилгын зураг төсөл дээр ажиллаж байгаа аж.

А.Нурсултан “Ирээдүйд эх орондоо очиж мэргэжлээрээ ажиллах бодолтой байна. Архитектор хүний хаана ажиллах чухал биш, ямар газарт зориулж архитекторын бүтээл туурвих вэ гэдэг нь нэгдүгээрт тавигддаг. Надад санал тавибал оюун ухаан, мэдлэг чадвараа зориулан туслахад бэлэн байна” хэмээн ярьжээ.

+ There are no comments

Add yours