Харумафүжигийн эсрэг шүүхэд гаргасан гомдлоо буцаан татан

Өнгөрсөн онд болсон сүмо бөхчүүдийн зодооны улмаас хохирсон Таканоива санхүүгийн хохирлоо барагдуулахаар экс ёкозуна Харумафүжиг энэ сарын эхээр шүүхэд өгч байсан билээ.

Тэрээр эмчилгээний зардал, барилдаагүй өнгөрсөн хугацааны цалинг тооцоод нийт 24 сая иенийг экс ёкозунагаас нэхэмжилсэн юм.

Гэвч Таканоива энэхүү гомдлоо буцаан татаж байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна. Түүний Монгол дахь ар гэрийнхэнд Харумафүжиг дэмжигчдийн зүгээс ихээхэн дарамт шахалт үзүүлэх болсонтой холбоотой ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд Тоттори хотын бааранд наргиж байхдаа Монголын сүмо бөхчүүд хоорондоо зодолдсон нь Япон даяар дуулиан тарьсан юм. Тухайн үед Харумафүжи караокены удирдлагаар Таканоивагийн толгойд цохиж бэртээсэн байдаг.

Үүний улмаас Такаонива тархины бэртлээ 12 хоног эмчлүүлэхэд хүрсэн юм. Улмаар Харумафүжи арваннэгдүгээр сард зодог тайлж, Тоттори хотын шүүхээс түүнд 500,000 иений торгууль ноогдуулж байв.

Хэрэг явдал ингээд дууссангүй, Таканоивагийн дэвжээний эзэн, ёкозуна асан Таканохана өнгөрсөн есдүгээр сард Сүмогийн Холбооноос гарч, дэвжээгээ тараасан юм.

Тэрээр Монгол бөхчүүдийн зодооны хэргийн талаар худал мэдүүлэг өгөхийг Сүмогийн Холбоо шаардсан гэдэг үндэслэлээр ийм шийдвэр гаргаж байжээ.

+ There are no comments

Add yours