Иргэдээ “идэгч” их улстөрчидтэй Монгол төр

2018 оны ЖДҮ юунд зарцуулагдахаар төсөвлөгдөж байв гэсэн асуултын хариултыг маш амархан олов.  Энэ бол нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох зорилгоор Улсын Их Хурлаас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд  50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс төсөвлөж өгчээ. Энэ хугацаанд сангийн үйл ажиллагаа ил тод бус, төсөл сонгон шалгаруулагчид нууцлагдмал байсан нь энэ зээл эздэдээ хүрдэггүй байсныг гэрчилж байна хэмээн зарим эх сурвалж өгүүлэх.

Гэтэл энэ онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахаар 1034 аж ахуй нэгжээс хамрагдах хүсэлт гаргаж, төсөл бичиж хүргүүлсэн ч 134 аж ахуйн нэгжид ирүүлсэн төслийн дагуу зээл олгосон байна. Үүний 122 аж ахуй нэгж нь  Улсын их хурал болон Засгийн газрын гишүүд, тодорхой албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байв. Харин энгийн иргэний эзэмшил бүхий аж ахуй нэгжийн хувьд энэ зээлд хамрагдахыг хүсч байсан ч “төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй” гэдэг шалтгаанаар зээлээс гадуур үлджээ. Өөрөөр хэлбэл, “хэн хүссэнийх нь ч авдаг зээл  биш, шалгуур өндөртэй” гэж нэгэнтээ салбарын сайдын хэлсэн үгийн ард ийм л шалгуур явдаг байсан гэсэн үг. Нөгөө талаар ЖДҮ-ийн зээл хэнийг, хэний үйлдвэрлэлийг дэмждэгийг, мөн улс төрч нэр зүүсэн монголчууд яагаад УИХ, Засгийн газрын гишүүн болохоор нэр хүнд, амь нас, ар гэрээ мартан зүтгэдэгийн жижигхэн хэсэг нь ийм их “өрөм хамах” гэж улайрах шат нь байдгийг харуулж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн болох гэж дөрвөн жилд нэг удаа намд 150 сая, сурталчилгаанд 100 сая гэх мэтээр доод тал нь 500 саяыг хаяж орж ирдэг УИХ гэх энэ өндөр сэнтийгээс жилдээ л бага ярьбал 950 сая их ярьвал хэдэн тэрбумаар нь зоолтлоо  хүртдэг учир тэд ийнхүү нэр нүүргүй дайрч Төрийн ордон гэх саарал байшин руу дайрдаг байх нь.

Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэх энэхүү эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын томоохон компаниудын санхүүжилтийн эх үүсвэр сүүтэй үнээ болсон энэ газар жирийн иргэнд ямар ч хүртээлгүй “уурхай” болсныг мэдсэн иргэд маш ихээр бухимдаж байгаа ч албан тушаалтнуудын өмнө асаалттай танк шиг байдаг Төр хэмээх ханан хаданд тулаад сөхрөх нь дамжиггүй. Учир нь тэрбумаар нь “залгисан” хадны мангаа шиг монголын улс төрчдийн 50-иас дээш хувь нь энэхүү зээлийн хишгийг хүртэж, аалзны торонд орооцолдсон байгаагаас гадна нэр бүхий дөрөвхөн гишүүний хамрагдсан зээл алдарт 60 тэрбумын 4.5 тэрбумыг бүрдүүлж байгаа шүү дээ… Үнэн гэж байхгүй Монгол Улсад иргэнээ “иддэг” төр улс л төвхнөж байгаа нь даанч харамсалтай…

Сэтгүүлч С.Баяр

+ There are no comments

Add yours