Нурангийн цаана тусгаарлагдсан гурван иргэний амийг аварчээ

Налайх дүүрэгт “Билгүүн сар” нөхөрлөлийн эзэмшлийн уурхайн ам цооногт модон хийцтэй бэхэлгээний хөлийг нүүрс тээвэрлэх зориулалтын ковш дайрч унагасны улмаас нуралт үүсч, 3 иргэн нурангийн цаад талд байна гэсэн дуудлага  өчигдөр орой 18:15 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Улмаар Уул уурхайн аврах бүлэг ослын голомтод очиход 40 градусын налуутай, улнаас тааз хүртэл 1.6 метр өндөртэй, амнаас ажлын мөргөцөг хүртэл нийт 33 метрийн гүнтэй уурхайн цаана 18 метрийн гүнд нуранги үүсч гурван иргэн тусгаарлагдсан байжээ.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан  дөрвөн цаг ажилласны эцэст Налайх  дүүргийн харьяат иргэн Д /41 настай, эрэгтэй/, иргэн А /26 настай, эрэгтэй/, иргэн  С /38 настай, эрэгтэй/ нарыг эсэнд мэнд гарган эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ослын дуудлагаар  Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, нутгийн захиргааны байгууллагын нийт 30 гаруй алба хаагч, 7 автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцлоо.

+ There are no comments

Add yours