Татварын нийт орлого 5.8 их наяд хүрчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний  есөн сарын статистик мэдээллийг  өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний есөн сард 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх  оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өссөн байна.

Татварын нийт орлого 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (31.8%) их наяд төгрөгөөр  өсөхөд

-нэмэгдсэн өртгийн албан татвар 380.1 (32.9%) тэрбум төгрөг,

-орлогын албан татвар 328.6 (30.3%) тэрбум төгрөг,

-нийгмийн даатгалын орлого 213.9 (23.1%) тэрбум төгрөг,

-онцгой албан татвар 190.4 (52.8%) тэрбум төгрөг,

-гадаад үйл ажиллагааны орлого 137.4 (39.1%) тэрбум төгрөг,

-бусад татвар, төлбөр хураамжийн орлого 131.1 (31.9%) төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Газар тариалан:

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд  энэ сарын 1-ний байдлаар 141.7 мянган тонн үр тариа, 150.4 мянган тонн төмс, 73.8 мянган тонн хүнсний ногоо хурааж, 657.8 мянган тонн өвс хадлан, 9.8 мянган тонн гар тэжээл, 2.6 мянган тонн дарш бэлтгэсэн байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр  энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 346.3 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 49.7 (16.8%)  мянган га талбайгаар өсчээ.

Гадаад худалдаа:

Монгол Улс 2018 оны эхний есөн сард 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.3 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 238.4 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 90.7 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 301.0 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 233.0 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 174.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

+ There are no comments

Add yours