Сурагчидын үдийн хоолны төсвийг нэмэх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар бага ангийн сурагчдын үдийн цайг үдийн хоол болгон өөрчлөх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 600 төгрөгийн өртөг бүхий үдийн цайг 1,200 төгрөгт багтаан үдийн хоол болгож чанаржуулах асуудлыг хуульчлан хэлэлцүүлж байгаа билээ.

Уг хуулийг хэлэлцэх эсэхийг өнөөдрийн хуралдаад оролцсон нийт гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэнээр эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцэх үеэрх гишүүдийн асуулт, хариултыг хүргэж байна.

Д.Тэрбишдагва: Энэ хуулийн төсөлд бүх сургуулийг хоолны заалтай, гал тогоотой байлгана гэх мэт олон заалт орсон байна. Ийм болгохын тулд зардал өндөр гарна. Хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай байгаа вэ. Нарийн тооцоо гаргасан уу. Тооцоо зардал нь 2019 оны төсөвт суусан уу гэж ажлын хэсгийнхнээс асуумаар байна.
Би энэ хуулийг дэмжиж байгаа ч дахиад нэг хэрэгждэггүй хууль болчих вий гэж бодож байна.

Б.Ундармаа: 2018-2019 оны хичээлийн жилд төрийн 820, хувийн 670 сургууль хичээллэж байна. Эдгээр сургуульд сурч байгаа 1-5 дугаар ангийн 324,620 хүүхэд сурч байна. Үдийн цайны зардалд энэ жил 34.2 тэрбум төгрөг тусгасан байна.

Үдийн хоолтой болгох ажлыг 2019 онд бүгдийг нь хэрэгжүүлэх бус үе шаттайгаар явна. Шинээр баригдаж байгаа сургуулийн барилга болон өргөтгөлд гал тогоо, хоолны заалны хэсгийг тусгаад явна.

Ямар чанартай ямар хоол хүнс өгч байгааг асууж байна. Улсын хэмжээний сургуулийн 70 орчим хувь нь холимог буюу бэлэн бүтээгдэхүүн халуун хоол ээлжилж өгч байгаа, 20 гаруй хувь нь зөвхөн бэлэн бүтээгдэхүүн өгдөг гэсэн судалгаа байна.

Жил жилийн төсөвт энэ санхүүжилт ороод явна. Мөн мэргэжлийн хоол зүйчтэй, тогтоочтой болгоё гэж байгаа. Тэгээд түрээсийн байдлаар хоол ундыг бэлтгэхгүй. Түрээс төлөхөөр хүүхдийн хоолонд зориулах 600 төгрөгөөс хасагдаад байна. 

Ц.Мөнх-Оргил:  Хуулийг хэрэгжүүлэх нэмэлт хөрөнгө 2019 оны төсөвт суугаагүй. Яагаад гэвэл төсөвт байхгүй хуулийг дагуулж хөрөнгө мөнгө суулгаж болохгүй байгаа юм. 2019 оны төсөвт 320 мянган хүүхэд үргэлжлүүд 600 төгрөгөөр үдийн цай уух, 20 орчим сургуулийн гал тогоо, тоног төхөөрөмж гэсэн зардал суусан. Хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэх мөнгө суугаагүй.

Хууль 100 хувь хэрэгжээд эхэлбэл наад зах нь 1,100 гаруй тогооч, 800 гаруй хоол зүйч, гал тогоо тонон төхөөрөмж гээд нийт 300 гаруй тэрбум төгрөг төсвийг 5-6 жилийн хугацаанд задалж тавих шаардлагатай.

Б.Энх-Амгалан: Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Тиймээс анхны юм уу хялбарчилсан хувилбараар батлаад явах боломжтой гэж харж байна.

Д.Эрдэнэбат: Үдийн цайг үдийн хоол болгохыг дэмжиж байна. Дэмжилгүй яахав. Гэхдээ Монголын хүүхдүүдийг бөөнөөр нь хордуулчихав гэдэгт л санаа зовоож байна. Үдийн цайны үеэр маш олон хордлого гарч байсан. Үдийн хоол болоход маш их ярвигтай асуудал үүснэ. Нэг сургууль дээр гэхэд л 1,000 хүүхэд хоол хийх хэрэгтэй болно. Тийм хэмжээний хүчин чадал шаардлагатай.

Улаанбаатарт энэ хэрэгжихэд гайгүй байх. Хөдөө орон нутагт шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн, хүчин чадал, тийм хэмжээний хоол хийх чадвартай тогооч байгаа юу гэдэг л санаа зовоож байна.

 

+ There are no comments

Add yours