Өвөлжилтийн бэлтгэлийн эргэн тойронд…

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна. Нүүрс нийлүүлэгч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрчээ. Өвлийн улиралд гэр хорооллын 154 мянган хэрэглэгч орой, шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдахаар байна.  Нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, аж ахуйн нэгж, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байна. Ингэснээр энэ өвөл халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй гэж төлөвлөжээ.

Халаалтын улиралд БЗД-ийн 4, 5, 22 дугаар хороонд байрлах Их засаг сургууль орчмын 16 ширхэг, Маахуур толгойн орчмын 25 ширхэг, БЗД-ийн цогцолбор сургууль орчмын 12 ширхэг нийт 53 халаалтын зуухыг “Амгалан” ДС-ын сүлжээнд, СХД-ийн 22-р хороо 0151 дүгээр цэргийн анги орчмын 15 ширхэг, ХУД-ийн 7, 8 дугаар хороо, 60 дугаар сургууль 118 дугаар сургууль орчмын 68 ширхэг нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, агаарын бохирдлыг бууруулах бодит арга хэмжээг авч ажиллах аж.

Өнгөрсөн сард ДЦС IV-т техникийн саатал гарсны улмаас хот даяар тоггүй болсон. Энэ аваарын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ДЦС IV-ийн хоёр генераторт гэмтэл гарсан. Үүнийг нягталж, шалгасан. Өвлийн ачаалал дууссаны дараа генераторыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлнэ. Одоо бол дахиад эрчим хүчний саатал гаргахгүйн төлөө бид ажиллана. Гэхдээ ДЦС IV-ийн техник тоног төхөөрөмж эвдэрч, сүйдээгүй, аваар осол болоогүй учраас энэ удаагийн хохирлыг бид өөрсдийн хөрөнгөөр зохицуулах боломжтой” гэв.

+ There are no comments

Add yours