Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэлжээ

Үндэсний аудитын газраас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлт өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “Бид өнгөрсөн хугацаанд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг удаа дараа шалгасан боловч хэд хэдэн заалт өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжихгүй байгаа. Энэ нь төрийн аудитын байгууллагын хүний нөөц, цаг хугацааны боломжгүй байдал, төсөв захирагчдын хариуцлагагүй байдалтай холбоотой. Үүнийг шийдэхийн тулд иргэний нийгмийн байгууллага сайн дураараа бидний үйл ажиллагаанд хараат бус хөндлөнгийн шинжээчээр ажиллах гэж байна.

Нээлттэй нийгэм форумтай бид шилэн данснаас гадна улс төрийн санхүүжилт, засаглалын ил тод, нээлттэй байлгахад иргэд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хоёр жилийн хугацаанд хамтран ажиллана.

Энэхүү “Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийх аудит”-ын ажил нь Төрийн аудитын байгууллага болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох эхний ажил болж байна” гэв.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн аудитад 2017 оны аравдугаар сарын 1-нээс 2018 оны аравдугаар сарын 1-нийг хүртэлх үйл ажиллагааг хамруулах аж. Аудитыг өнөөдрөөс эхлэн 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хийж, гүйцэтгэн УИХ-д хүргүүлэх юм. Аудитад бүх төрийн байгууллага, зарим төрийн бус байгууллага хамрагдана гэв.

+ There are no comments

Add yours