Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь албан ёсны айлчлалаа Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцох томилолтоор үргэлжлүүлж байна.

Тэрбээр энэ үеэр Вашингтонд уулзаж амжаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ч Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна.

У.Хүрэлсүх Д.Трамптай Вашингтонд Цагаан ордонд уулзах хуваарьтай байсан ч яаралтай нөхцөл байдлын улмаас Д.Трамп Флоренс хар шуурганд өртсөн иргэдтэйгээ уулзаж, газар дээр нь ажиллах шаардлага гарсан юм.

+ There are no comments

Add yours