Машины хоригдол…

Ганцхан сэдэвтэй болсоон. Хайрын шүлэг бодож байснаа л нэг мэдэхэд бөглөрлөөс өөр юм толгойд орохоо больж ч байх шиг. За бүүр гоё залуу, ганган хүүхэн, үр хүүхэд, үрчлээ энэ тэр бол цаашаа…өглөө босоод л чухам бөглөрөл гэдэг бөөн дарамтан дор амьдарч алдана даа. Сэгсийтэл унаандаа сууж аваад л, дуут дохиогоор унд хийж, замын гэрлээр хоол хийгээд л гарч өгнө. Замдаа нүүрээ будна, утсаар ярина, савлаж гарсан цайгаа ууна, цамц цувныхаа үрчлээг толийтол засна. Уруулын будагныхаа өнгийг хэд дахин солиод авна. Эрчүүд бол яадгийн зангиануудаа машиндаа сольж зүүгээд л…гэртээ оруулах ч хэрэггүй. Амьдрал нэг их удаан болчихсон ч юм шиг, эсвэл хэт хурдлаад ч байх шиг. Хажуугийн машины залууд дурлангаа алдаад л салчихаж байгаа юм чинь хурдан л байгаа биз дээ. Урд талын машины надад огтоос хамаагүй жолооч хэдэн хүүхэдтэй, хэнтэй утсаар ярьж, ямар асуудалтай хэцүүдэж байгааг нь ойлгоод, хуваалцаад амжина гэхээр хэт удаан амьдраад ч байх шиг. Залуу нас минь бөглөрөлд гундаж, зорьсон ажил зам дээр амь тавих энүүхэнд. Шөнө хүртэл бөглөрөл зүүдлээд, өглөө сэрэнгүүтээ бөглөрөл бодож босон харайгаад, за тэгээд унтахдаа ч бас маргаашийн бөглөрлийг тооцонгоо давсанд тас явна. Заримдаа нөгөө бөглөрөл аминд орно. Бөглөрөөд амжсангүй гэсхийгээд бултах энүүхэнд. Зарим хүний төрөлх араншин түгжээгээ зад тавина. Жолооныхоо ард дуу аялж яваа нэгэн ч байх, боож үхээд, борлон царайлдаг нөхөд ч байх, урсгал сөрөөд улаан нүүрээ хуйхалдаг гарууд ч цөөнгүй, уурласнаасаа болоод даралт зүрхний асуудлаар эмнэлэг хүрдэг хүн олон гэнэ цаана чинь. Өө тийм, бөглөрөлд сууж байхад нөгөө морь харах асуудал бол үнэн тарчлаастай. Ус ундааны сав гээд эрчүүд хүүхдүүд аргалдаг л гэлцэх. Эмэгтэйчүүд бид яахав дээ, давсагаа мэдэж ууж, дараахаа мэдэж идэхгүй бол хаана суугаад яана гэхэв, ашгүй турж ч байх шиг. Аавынхаа машинд хүндэрчихсэн 6-р ангийн хүү байж л байна. Зам бөглөрлөө гээд амьдрал ямар бөглөрөх биш. Машиндаа дурлана, харц шидэлцэнэ, төрнө, үхнэ, биеэ хөнгөлнө, иднэ ууна, уурлана инээнэ, ажлаа амжуулна. За тэгээд нэгэн үеийнхнийг бөглөрөлд цоожилж, машинд нь түгжсэн МАН, АН-ын газрын наймаачдыг үзэн ядаастай, үгээр булаастай. Энэ жил 47 мянган оюутан нэмэгдсэн, дараа жил дахиад төдий тоогоор өснө. Улаанбаатар бол аймшгийн зохиолын хаан Стивен Кингийн “Бүрхүүлд орсон хот” зохиолд гардаг шиг алуурчин хот болж хувирлаа. Эрүүл мэнд, эрдэм мэдлэг, гэр бүлдээ зориулах бүх цаг зам дээр дуусна. Хожим бидний үеийнхний намтарт “Зам дээр амьдралынхаа талыг баржээ” гэхчлэн бичдэг болох нь тодорхой. Зам дээр төрсөн хүүхэд, зам дээр төрсөн шүлэг зохиол ч гэх шиг. Цагаан сараар яршиг зүгээр гадаа зам дээр бүгд золгож салаад, эмээ өвөө нар тавагтай баншаа барьчихсан замын хажууд эгнээд л…наадмаа зам дээрээ үзээд…наргиа ч биш дээ. Ингэж амьдарна ч гэж юу байхав. Их дээд сургуулиудаа хөдөө орон нутаг руу зоригтой нүүлгээд, төр захиргааны байгууллага, төвлөрсөн захуудаа дагуул хот болгон шулуухан салгахгүй бол МАН-ын залуусаас өөр юу хүлээх юм бэ? Хийх ажил чинь тодорхой байхад хэрүүлээ дуусгацгаасан бол одоо амьдралыг минь зам дээрээс салгаад өг тэгэх үү? Чадахгүй бол худлаа царайлахаа больж хурдан зайгаа тавьж өгвөл таарна. Энэ асуудлаа шийдэхгүй байж дараагийн сонгуульд оролцоод зогсож байвал өмнөөс чинь машины эрэг боолт шиднэ шүү, зүгээр.

+ There are no comments

Add yours