Ц.Даваасүрэн:Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээж болно. Гэхдээ би…

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн амралтын өдөр орон даяар үүссэн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж, холбогдох мэдээллийг өгөв.

-Амралтын өдөр ТЭЦ-4-т гарсан аваарийн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоож чадсан уу?

-Есдүгээр сарын 15-нд манай системд аваарь, осол гарч хэрэглэгчдээ эрчим хүчээр тасалдуулсан явдалд салбарынхаа өмнөөс уучлал хүсье. Аваарийн учир шалтгааныг судалж байна. Урьдчилсан байдлаар хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Ер нь цаашдаа бид хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй гэдэг нь энэ осол аваарь харууллаа.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт,  энэ салбарт мэргэжлийн хүмүүсээ бэлтгэх хэрэгтэй болсон байна. Сонгуулийн дөрвөн жилийн өөрчлөлт мэргэжлийн инженер техникийн ажилчдын ур чадварт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй зүйл харагдаад байгаа юм. Ялангуяа үйлдвэрийн аюулгүй байдлыг хангаж байгаа ерөнхий инженерүүдийн асуудалд анхаарах ёстой. Хоёрт, манай системийн хоёрдмол удирдлагын тогтолцоо нь сахилга, хариуцлага сурахад нөлөөлж байна.

-Алдаа гаргасан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн үү. Ингэхэд энэ асуудалд ямар хариуцлагатай албан тушаалтан хариуцлага хүлээх вэ?

-Эрчим хүчний компаниудын удирдлагуудыг томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрх нь Төрийн өмч бодлого зохицуулалтын газарт байдаг. ТЭЦ-4 дээр өмнө нь хэд хэдэн аваарь, осол гарч байсан. Тиймээс яамнаас энэ оны нэгдүгээр сарын 25-нд Үйлдвэрлэл аюулгүй байдлыг хариуцсан ерөнхий инженер Дашдаваад хариуцлага тооцно уу гэсэн бичгийг Төрийн өмч бодлого зохицуулалтын газарт явуулж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байна. Яам өөрөө хариуцлага тооцох эрх мэдэлгүй.

-Салбар хариуцсан сайд нь газрын даргад хариуцлаг тооцох эрх мэдэл байхгүй гэдэг нь өөрөө итгэл үнэмшилгүй сонсогдоод байна л даа?

-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшлогдсон. Тиймээс яам хариуцлагаа хүлээе гэж байгаа. Гэхдээ манай компаниуд манай харьяанд байх ёстой. Саяын аваарь манай эрчим хүчний систем бие даасан бус гэдгийг харууллаа. ТЭЦ-4 дээр л аваарь гарахад бүгд зогсчихлоо. Үүнийг мэргэжлийн хэллэгээр савалт гэдэг. Багануур дээр 350 мегабайтын хүчин чадалтай, хоёр генератортай станц барина гээд байгаа. Гэтэл ТЭЦ-4 380 мегабайттай явж байгаад л унахад бүгд дагаад унаж байна. Тиймээс Багануур дээр ийм станц барьж болохгүй. Мөн нөгөө талаар нарны цахилгаан станцыг хөгжүүлж болохгүй гэдгийг харууллаа. Нарны станц 300 мегабайт хүрэхээр гэнэт наргүй болоход яг ийм аваар гардаг болно. Аваарь гарсан өдөр орой болоход 60 мегабайт байхгүй болж байгаа. Одоо ч оройн цагаар хязгаарлалттай явж байгаа.

-Ингэхэд гарсан гэмтлийг бүрэн засч дууссан уу. Өглөө авсан мэдээгээр Багануур дүүрэг одоо хүртэл тоггүй байгаа гэж байсан?

-Аваариас үүдэлтэйгээр хоёр генаратор дээр гэмтэл гарсан. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Оройдоо дөрөв дэх генераторыг ажиллуулна.  ТЭЦ-4 дээр дөрвөн генераторыг өргөтгөх ажил эхлээд явж байсан. Одоо бол ямар нэгэн хязгаарлалт хийх шаардлагагүй. Харин засвар үйлчилгээтэй холбоотой хязгаарлалт Багануур дээр байж магадгүй юм.

-Ослоос болж учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар гарсан уу. Эсвэл шууд тогтоогоод гаргачихдаг уу?

-Үүнийг тодорхойлоход бас төвөгтэй. Тухайлбал, талх үйлдвэрлэж байсан газар ч юм уу 2,3 цаг саатсан. Энэ хэмжээгээр л хохирол гарсан. Тиймээс би уучлал хүсч байгаа.

-Та олон зүйл энэ салбарт болохгүй байна гэж хэллээ. Таны хариуцсан салбар учир та хийх ёстой ажил биш гэж үү?

-Яг наад асуултыг чинь нэг сэтгүүлч надаас асуусан. Би дөнгөж сая хэлсэн. Бид яриад хийгээд л явж байна. Жишээ нь, нарны цахилгаан станцын 21 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахад над руу дайрч байна. Хэвлэлээр явж байгаа юм чинь ердөө тэр. Би нэг ширхэг лиценз олгоогүй. Надаас өмнө нар, салхин дээр 1500 мегабайтын зөвшөөрөл олгосон байсан. Нар, салхи 300 мегабайтаас дээш байж болохгүй. Гэтэл үүнийг буруутгаад байгаа. Багануурыг ялгаа байхгүй зогсоочихсон.

-Сая ослоо харахад манай цахилгаан, дулааны станцуудын техникийн шинэчлэл маш их хоцрогджээ гэсэн дүгнэлтийг иргэд их тавьж байна. Магадгүй, маргааш өчигдрийн шиг осол гарахыг ч үгүйсгэх аргагүй хэмээн иргэд түгшиж байна?

-Техникийг сайжруулахаар ОХУ-аас зээл аваад дөрвөн генераторын засвар эхэлж байхад ийм зүйл боллоо. Тиймээс өвлийн ачааллыг давахын тулд түр зогсолт хийхээс өөр аргагүй болчихлоо. Өвлийн ачаалал буурсны дараа генераторуудын шинэчлэлийг хийхгүй бол болохгүй. Насажилтын хувьд маш хүнд болчихсон байгаа.

-Намар, ид ачааллын цагаар шинэчлэл хийх гэж байгаа юм байна. Ачаалал хөнгөн үеэр ийм асуудлыг шийдвэрлээд хийгээд байж болдоггүй юм уу? 

-Энэ ажлын хийх зээлийн асуудал нь шийдэгдээгүй байсан. Ерөнхийлөгч сая ОХУ руу айлчлал хийхдээ 100 сая рублийн зээл авахаар  ярьсан. Энэ зээлийг төмөр зам, эрчим хүчинд зарцуулна. Энэ зээлийн асуудал ирэх жил шийдэгдчих байх. Хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын хөрөнгө гаргаад эхний генератораа шинэчилж байя гэж байсан боловч хүлээхээс өөр аргагүй боллоо.

– Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг хариуцлага хүлээх ёстой гэж та хэллээ. Ингэхэд ТЭЦ-4-ийн ТУЗ-д яамны газрын дарга нар байгаа шүү дээ. Энэ хүмүүс хүлээх хариуцлага, шийдвэрлэх асуудал гэж байна уу?

-Үүн дээр том маргаан болж байгаа. ТУЗ олонхийн саналаар шийдвэрээ гаргадаг. Төрийн өмчийн хороонд гол гол газрын дарга нараа яамнаас томильё, ТУЗ-ийг 51-аас дээшээ мөн яам томилдог болъё гэсэн санал тавьсан. Гэхдээ энэ асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс ирэх Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийднэ. Хараат бус гээд хаа хамаагүй хүмүүсийг ТУЗ-д оруулчихдагаас ийм асуудал үүсээд байна гэж болно.

-Харин танд Салбарын сайдын хувьд хүлээх хариуцлага юу байна?

-Намайг хүлээ гэвэл хүлээж болно. Гэхдээ би хүнд хариуцлага хүлээлгэж чаддаггүй л хүн шүү дээ

-ТЭЦ-4 одоо хүртэ захиралгүй, жил гаруй хугацаа өнгөрч байгаа гэдэг. Захирлыг нь томилох ажил хойшлогдоод байдаг нь ямар учиртай юм бэ?

-Жил гаруй арай болоогүй. Өнгөрсөн хавар захирлыг нь чөлөөлсөн. Шалгагдаж байгаа юм билээ…

+ There are no comments

Add yours