Өдөр бүр 450,000 орчим машин замын хөдөлгөөнд оролцож байна

Монгол Улсын авто машины тоо өдөрт 220 орчмоор нэмэгдэж байгааг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэл харуулж байна. 2018 оны эхний найман сарын байдлаар суудлын автомашин 41,429, ачааны автомашин 14,499 манай улсад импортоор орж иржээ. Зөвхөн наймдугаар сард гэхэд суудлын автомашин 6,547, ачааны автомашин 2,017-оор нэмэгдсэн байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас долдугаар сард өгсөн мэдээллээр Монгол Улс 940,327 тээврийн хэрэгсэлтэй байгаагийн 847,414 нь суудлын автомашин бөгөөд 496,720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй гэжээ.

Тэгвэл Замын цагдаагийн газраас өчигдөрхөн өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 534,000 автомашин байгаагийн 350 орчим мянга нь өдөр болгон замын хөдөлгөөнд оролцож байгаа гэв. Үүн дээр товчоодоор орж ирсэн орон нутгийн 90 гаруй мянган тээврийн хэрэгслийг нэмбэл нийслэлд өдөрт 450 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиж байгаа ажээ.

Ийнхүү авто машины тоо өдөрт л зуу зуугаар нэмэгдэж байгаагаас гадна нийслэлд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа зам засвар, гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлаас болж замын түгжрэл чинээндээ тулж, иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Түгжрэлээс үүдэн наймдугаар сард л 20 км/цаг хурдтай байсан нийтийн тээврийн автобуснууд есдүгээр сар гарснаас хойш цагт зургаахан км-ээр урагшилж, үндсэндээ явган хүнээс ялгарахааргүй болов. Иргэд алхсан нь дээр гэдгийг энэ бүх тоо харуулж байна.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын энэ байдлыг залруулах гарц хайж, янз бүрийн шийдэл санал болгоод байгаагаа мэдээлсэн. Тухайлбал, Төв шуудангийн уулзварын ачааллыг бууруулахаар хэд хэдэн санал гаргасан бөгөөд есдүгээр сардаа багтаан дорвитой шийд гаргана гэсэн горьдлого байна.

+ There are no comments

Add yours