Улс төрд хутгалдсан захирлуудад хариуцлага тооцох нь шударга…

Би сэтгүүлч мэргэжилтэй, энэ жил нэгдүгээр ангид орж байгаа зургаан настантай ээж хүн. Тиймээс охиноо сургуулийн бэлтгэлээ хийж эхэлсэн цагаас түгшсэн, бас найдаж эхэлсэн. Учир нь миний хувьд нэгдүгээр ангид орсон есдүгээр сарын 1 хамгийн сайхан дурсамжтай үеүдийн нэг маань байдаг. Тиймээс охиныхоо эрдмийн гараанд алхсан энэ жилийн есдүгээр сарын 1-нийг ээж хүний хувьд эмзэглэн хүлээсэн юм…

Гэтэл эх хүний эмзэглэл, эмээж байсан найдвар маань есдүгээр сарын 1-нээс биелэлээ олсон, бас найдаж байсан найдвар маань бутарчихсан… Зүгээр л бутарчихсан…  Учир нь өнөөдөр охин маань нөгөө их хүлээж, сарын өмнөөс бэлтгэсэн дүрэмт хувцасаа өмсөж, хэрэг зориг болгон очиж сонгосон цүнхээ үүрч, зуны турш энэ манай сургууль хэмээн харж, хөөрч, нэрлэж байсан сургуулийнхаа босгоор алхаагүй, гэртээ өнжсөөр байна…

Өглөө бүхэн маргааш хичээл орох уу, багшаас асуухаа мартуузай, ээжээ хэмээсээр сэрдэг болоод долоон хоног өнгөрөв… цаашдаа хэдэн хоног өнгөрөхийг мэдэхгүй шиг, балетын сургалтаасаа яаран яаран гэртээ ирж, “ээжээ байхгүй араар хичээл орчих вий…” хэмээн сандардаг болов…

Иймээс би эх хүний хувьд бас мэргэжил маань сэтгүүлч хүний хувьд охиныхоо төлөө юу хийж чадах билээ гэж бодсон. Харин ингэж бодоод олсон гаргалгаа маань цалингаа л нэмүүлэх гэж сурагч насыг барьцаалж байгаа багш нарын буруу үйлдлийг эсэргүүцсэн ээж, аавуудтай санал бодлоо солилцож, цаашилбал алдаа гаргаж буйг нь сануулж, нөлөөллийн үйл хэрэг эхлүүлье гэж шийдсэн. Тийм ч учраас би “Ажил хаятлыг эсэргүүцсэн ээж, аавуудын групп” гэж өөрийнхөө өдөр тутам, цаг тутам идэвхтэй хөтөлдөг хаягнаасаа нээж, идэвхтэй ажиллаж эхэлсэн. Би ингэж эхлэхдээ буруу зүйл хийгээгүй, бас зарим нэг заримдагуудын хардаж байгаа шиг гадны, тэр дундаа улс төрчдийн гар хөл болж, их бага санхүүжилт аваагүй учир зоригтой, зорилготой ажиллаж байгаа.

Надаас олон хүн “чи багшаар хичээл заалгаж өдий хүрээгүй гэж үү” хэмээн асууж байна. Харин миний хариулт “би олон багштай, гэхдээ надад хичээл зааж байсан багш нар, цалингийн барьцаанд намайг, манай ангийнханыг орхиж бойкот хийж байгаагүй”. Мэдээж бага ангидаа социалист, дунд ангидаа шилжилтийн, их дээд сургуулийг ардчиллын он жилүүдэд суралцсан надад хичээл зааж байсан багш нарын хувьд бага, маш бага цалингаар ажиллаж байсан хүмүүс олон бий… сарын цалингаа будаа, гурилаар тооцож авч байсан багш нар, сайхан амьдрал харж, үндсэн ажлаа үүргийн наймаагаар сольж одсон багш мэргэжилтнүүд, сайд, дарга болоод нам дагаад алга болсон багш нар гэх мэтээр олон үе шатыг туулж, өнөөдрийг хүрсэн миний хувьд дөнгөж эхлүүлж байгаа эрдмийн их аянаа “дөнгүүрхэн дурсамжтай” үдээсэй хэмээн охиндоо хүсэх эрхтэй гэж бодож байгаа…

Тиймээс ямар ч нийгэмд сөрөг, эерэг зүйл байдаг. Харин ямар ч нөхцөлд мэргэжилдээ, сурч боловсрох гэж тэмүүлж ирсэн хүүхдүүд, ирээдүйдээ чин сэтгэлээсээ хандаж өөрөөсөө өмнө өрөөлийг тавих суурь хүмүүжлийг өөрөөсөө эхлүүлэн ойлгодог тууштай багш нар байдаг. Харин тэр багш нар өнөөдөр… хаачив… гэж эрэхэд хүрэв…

Би сэтгүүлч, миний цалин 2001 онд сарын 50.000 төгрөг байсан. Тэгэхэд буудлын үйлчлэгчээр ажилладаг найз маань 97.000 төгрөг авдаг байсныг мэднэ. Харин 2009 онд миний үндсэн цалин 130.000 төгрөг болоход найз маань 320.000 төгрөгийг гар дээрээ авдаг байсан. Ээж маань эмнэлэгт хэвтэхэд сарын цалингаа хоёр сарын хугацаанд хувааж төлөхөөр урьдчилан зээлж аваад шинжилгээ хийлгэх гээд гүйж явахдаа найзынхаа, “ялалтаа, чи манайд ажилла. Иймхэн цалингаар амьдрах гэж зүтгэж байхаар, үйлчлэгч хийгээд ядаж зээлээ төлөх чадвартай амьдар…” гэсэн ятгалгыг сонсож байхдаа ч өөрийн мэргэжилдээ эргэлзэж, ажлаа хаяагүй… Учир нь би энэ мэргэжлээ, бас ажлаа өөрөө сонгож, дурлаж ажилладаг болохоор өдөр хоногийн барьцаанд орж илүү цалинтай ажил сонгоогүй.

2010 онд би цагдаагийн байгууллагад ажилд орсон. Тэгэхэд миний цалин яг гар дээр 230 мянган төгрөг ирж байсан… Гурван жил ажиллаж, дөрөв дэхь жилийнхээ босгон дээр миний хашиж байсан ажлын байр, цолны нэмэгдэл, ажилласан жил болон бусад нэмэгдэл нэмэгдсээр би 13 дахь сарын цалин гэж 1.3 сая төгрөг дансанд орж ирэхэд маш их баярлаж, итгэж ядахдаа дахин дахин дансаа шалгаж гүйж байлаа…

Тэр үед надад өөр ажлын санал ирсэн юм. Тэр бол төрийн албаны шалгалт өгөөд төрийн албанд ажиллах. Ажлын мест нь албаны дарга… би төрийн тусгай албанд ажиллаж байхдаа ахлахын орон тоон дээр ажиллаж байсан, албаны дарга болохоор цалин нэмэгдэнэ, бас төрийн тусгай албанаас илүү нь ажлын найман цагтай тарна. Илүү цагаар ажиллахгүй учир, гэр бүлдээ гаргах цаг их байна гэж тооцоод ажлаа сольсон. Гэтэл сар ажилласан цалингийн урьдчилгаа 210.000 төгрөг байсан… Байгууллагын санхүүгийн хэлтсийн даргын өрөөнд цалингийнхаа шатлалыг хараад “ухаан алдах” шахаж байсан ч нэгэнт эхлүүлсэн ажил учир Төрийн захиргааны 6.4 гэсэн ангиллаар сарын 540.000 төгрөгий цалингаа би өдөр бүхэн 4-6 цаг илүү ажилладаг атлаа ямар ч нэмэгдэлгүйгээр авч ажилладаг байв.

Энэ бүхнийг бичиж байгаа нь цалингаа голж, сурагчдынхаа сурах эрхийг, тэр дундаа төрийн өмчит сургуульд суралцаж байгаа 300.000 сурагчийн сурах эрхийг барьцаалж ажил хаяж байгаа багш нараас үүдэлтэй. Ямар ч хүн сонголтыг өөрөө хийдэг. Өнөөдөр цалингаа голж ажил хаяж байгаа багш нар энэ ажлыг цалин багатай байсан ч хийнэ хэмээн сургуульд суралцаж, мэргэшиж, он удаан жил ажиллаж байгаа. Мөн багшийн мэргэжлийн сонгосон залуу багш нар ч гэсэн энэ тооцоог хийж энэ мэргэжлийг сонгосон гэж ойлгодог. Тиймээс цалингаа нэмүүлэх гэж сурагчдынхаа сурах эрхийг барьцаална гэдэг даанч утгагүй зүйл. Нөгөө талаар сүүлийн үед хэт улс төржсөн Монгол Улсад төрийн өмчлөлийн сургууль, цэцэрлэгийн захирлуудыг намын томилгоотой сонгодогоос өнөөдөрийн гажуудал үүсч байгааг тэнэг хүн ч анзаарч мэддэг боллоо. Нэг намын түлхээс, намын гар хөл болсон Үйлдвэрчний эвлэлийн санаачилга, наанаа дэмжиж байгаа мэт царай гаргах боловч албан тушаалын барьцаанд орсон захирлуудын зөрчил өнөөдөр мэдээлэл багатай багш нарыг сурагчдынхаа эрхийг барьцаалан Засгийн газраа, салбараа бойкотлоход хүргэж байгаа нь харамсалтай.

Уг нь багш нар ийм бойкотод орж, цалин нэм хэмээн хашгирч, нэмчих болов уу гэж горьдож суухаар ямар хэмнэлээр хэр хугацаанд хэрхэн цалин нэмэх боломжтойг улс эх орныхоо эдийн засагт тулгуурлан гаргаад ирсэн бол… Ингэж гаргаж ирсэн судалгаандаа тулгуурлан ямар цаг хугацаанд хэрхэн нэмэх талаар кноп дарах төдий мэдлэгтэй улс төрчдөөс эхлээд энэ орны эдийн засаг, улс төрийг атгаж яваа эрх баригч намынханд ойлгуулахаар тайлбарласан бол… 

Улс төрийн өрөг өөрөө шатар. Шад мад нь хэрхэн нүүхээс шалтгаалдаг гэдэг биз дээ. Тийм өргийг бүтээсэн улс төрчдийг багш нар өөрсдөө бүтээсэн. Тиймээс шавьд ухаан оруулж, бусдад  түгээж байгаа оюуны хөдөлмөрөө үнэлэх гэж буй бол багш нар өөрсөө шавь нараасаа илүү цэцэн мэргэн бодож, оновчтой нүүх ёстой болохоос аль нэгэн холбооны гар хөл болж, олны хөл газар хөл хөсөр, гар газарт тэмцэл нэртэй ший жүжигт тоглоход хүрэхгүй байсныг ойлгох хэрэгтэй санагдана…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

2Comments

Add yours

+ Leave a Comment