Цагдаагийнхан өдөрт 80-100 согтуу жолоочийг илрүүлж байна

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 299 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна. Хичээлийн шинэ жил эхэлж хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн оюутан залуус мөн хурим найрын сар эхэлж байгаатай холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх болсон аж.Учир нь өмнө нь өдөрт 40-50 ийм төрлийн зөрчил бүртгэгдэж байсан бол энэ 7 хоногт өдөрт 80-100 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрч байгаа гэнэ.  Тиймээс тус албанаас “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж байгаа тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 нэгжтэй /400,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл ногдуулж ажиллажээ.  Түүнчлэн энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 31 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөн зүйл буюу хашаа, гэрлийн шон мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн ба дээрх тоон үзүүлэлтүүдийг өмнөх 7 хоногтой харьцуулахад дуудлага мэдээлэл 3 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 14,5 хувиар өссөн бол гэмтсэн хүний тоо 14,7 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 28,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж. 

+ There are no comments

Add yours