Сургууль цэцэрлэгийн барилгын ажил удаашралтай байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан гурван долоо хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүрэн дунд сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөл мөн салбарын яамны газрын дарга нарыг хүлээн авч уулзан, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл авч, тодорхой чиглэл өгсөн. Энэхүү уулзалтад оролцогсод олон санал хүсэлт гаргасан бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн н.Баярсайхантай уулзаж, мэдээлэл авч, санал солилцсон байна. Тэрбээр “Сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинээр барилгажуулах зарим ажлын явц удаашралтай байгаа. Тухайлбал, 11-р хорооны спорт заалны барилгын ажил мөнгө нь тавигдсан хэрнээ ажил нь эхлэхгүй байна. 126-р сургуулийн барилгын ажил 9 дүгээр сарын 1 гэхэд дуусгаад, ашиглалтад хүлээлгэж өгнө гэсэн ч одоо хүртэл дуусаагүй, 10 дугаар сарын нэгэн хүртэл хойшлогдчихсон байна. 44, 14-р дүгээр сургуулийн анги, танхим хүрэлцэхгүй байгаа, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг эцэг эхчүүд болон хүүхдүүдэд дарамтгүйгээр хэрхэн шинээр зохион байгуулах вэ, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгүүдэд хэрхэн хамруулах вэ гээд олон асуудлыг ярилцаж хэлэлцэхээр хүрч ирээд байна. Ярилцаж, шахаж шаардаж байж ажлаа урагшлуулж байна” гэсэн юм. Энэ үеэр БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ “Тендер авчихаад ажлаа хийдэггүй компаниуд байна, мөн олон тендерт зэрэг оролцож шалгарчихаад нэгийг нь хийгээд нөгөөг нь орхигдуулдаг компаниуд ч байна. Цаашид төрийн ажлыг гацааж, түмний хүүхдүүдийг хохироогоод байгаа эдгээр компаниудыг эзнийх нь нэртэй хамт олон нийтэд зарлаж байх болно.” гэсэн бол Хөрөнгө оруулалтын газрын дарга Отгонбаяр “Тендерт нэг компани ялахаар нөгөө компаниуд нь заргалдаж, ШӨХТГ болон шүүхэд гомдол гаргадаг. Энэ маргаан нь сунжирсаар 1.5-2 жил хүртэл үргэлжлэх нь ч бий. Хугацаа алдах тусам инфляцийн түвшинтэй уялдаж, тухайн барилгын зардал өсдөг. Жилийн дараа 800 саяар өссөн тохиолдол ч бий, эцэст нь төр л хохирч үлдддэг” хэмээн тайлбарлалаа. Энэ талаар Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Төрийн бүтээн байгуулалт, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын барилгын ажлын тендрийг эрт зарлаж, сонгон шалгаруулалт хийх хугацааг богиносгох талаар Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргаж ажиллана. Түүнчлэн тендерт оролцож байгаа компаниудын ажлын түүх, бизнесийн туршлага, санхүүгийн чадамж, өөр төсөлд оролцож байгаа эсэх зэргийг сайтар судалж байж сонгож байх хэрэгтэй” гэсэн юм. Энэхүү уулзалтад барилгын ажил нь долоон жил үргэлжилж буй 126-р сургуулийн захирал О.Галхүү болон сурагчдын эцэг эхийн төлөөлөл мөн оролцож, саналаа хэллээ.

+ There are no comments

Add yours