Хятадын элчин сайдын яамнаас визний материал авах хугацааг сунгалаа

БНХАУ-д суралцах Монгол оюутнууд манай улсад суугаа тус улсын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр сарын турш урт дараалал үүсгэж буй болон ЭСЯ-ны материал хүлээн авах цаг богино байгаа талаар иргэд шүүмжилж, гомдол гаргах нь нэмэгдсэн.  Тиймээс энэ асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг, “БНХАУ-д 10 мянга гаруй Монгол оюутан сурч байна. Жил ирэх тусам тус улсад суралцах Монгол оюутны тоо нэмэгдэж байгаа. Бид оюутнуудыг аль болох эрт, сургуулиасаа урилгаа авч ЭСЯ-нд хандана уу гэж зөвлөдөг. Мөн наймдугаар сар гарангуут манай яамны зүгээс БНХАУ-ын Консулын газрынхантай уулзаж иргэдэд чирэгдэл болохгүй, шуурхай үйлчлэх тал дээр дэмжлэг хүссэн. Одоо ч гэсэн байнга холбоотой ажиллаж байна. БНХАУ-ын ЭСЯ-наас өөрийн албан ёсны вэб сайт болон сошиалаар энэ талаарх мэдээллийг түгээсэн байна. Энэ мэдээлэлтэй иргэд сайн танилцах хэрэгтэй. Нөгөө талаар үүсээд байгаа дараалалтай холбоотой хэд хэдэн зөрчил гарсан. Тодруулбал, зөвхөн оюутнууд дугаарлаж виз мэдүүлэх гэж байхад дунд нь суралцах зорилгогүй хүмүүс хиймэл дараалал үүсгэж байсан. Хятадын ЭСЯ-наас тарааж байгаа дугаарыг аваад иргэдэд цааш нь дамлан зардаг болох нь илэрсэн. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран байнгын эргүүл ажиллуулж байна” гэсэн.  Тэрбээр мөн,
“ЭСЯ даваа, лхагва, баасан гаригт 9.00-12.00 цагийн хооронд материал авдаг байсан бол одоо 15.00 цаг хүртэл сунгасан. Зөвхөн Хятадын ЭСЯ гэлтгүй аливаа улсын ЭСЯ, консулын газар визний материал аваад боловсруулж, виз олгох хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс материал авсны дараа Элчин сайдын яамны ажилтнууд орой хүртэл ажиллаж байгаа” гэв.

+ There are no comments

Add yours