Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг өөрчлөх үү

Нийслэлээс 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд худалдаа, үйлчилгээний газруудын одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарийн талаар иргэд, оршин суугчдын саналыг сонсох, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих, тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийслэлээс баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулах, иргэдийн саналыг үндэслэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлэх зорилгоор энэхүү “Эрүүл, аюулгүй, амар тайван орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ажээ.

Өчигдрийн ээлжит хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Баянзүрх дүүргийн ИТХ-тай  хамтран зохион байгуулсан байна. Нийслэлийн худалдаа, үйлчилгээний салбарт 20 мянга гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа, одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарьтай холбоотойгоор иргэдээс ирүүлдэг санал, гомдлыг шийдвэрлэх гарц хайх зорилгоор иргэдийн  санаа бодлыг сонсохоор болсон байна.

 Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 2015 онд нэмэлт, өөрчлөлт орсноор 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга, харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох”-оор заасан. Дээрх хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжих, аялал жуулчлалын улиралд жуулчдыг татах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны долдугаар сарын 09-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 04:00 цагаар тогтоосон юм. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын ажиллах цагийн хязгаарыг 04:00 цагаар тогтоосон нь иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж, хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас байнга мэдээлэх болсон байна. Иймд одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарийг өөрчлөх талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн болон оршин суугч, үйлчлүүлэгч, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулан иргэдээс санал авч байгаа юм байна.

+ There are no comments

Add yours