Г.Баасан: Х.Энхжаргал авилгачдыг хамгаалж, сул цалин авч байна

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан “Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ” сэдвийн хүрээнд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ  сарын 25-ны өдөр  АТГ хийсэн мэдээллийнхээ үеэр 60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн ч шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй тул эдгээр баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тайлбар хийсэн. Тэрээр үүнтэй холбогдуулан өнөөдрийн мэдээллээ хийж байгаагааа онцоллоо.

Энэ үеэр Г.Баасан хэлэхдээ “Бид өнөөдрийн хэвлэлийн хуралдаа “Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ” нэрийг арга буюу өгч байна. Яагаад гэвэл АТГ-ын Олон нийтийн зөвлөл ирсэн 87 гомдол АТГ-т шилжиж орсон. Мөн 157 иргэнтэй биечлэн уулзлаа. АТГ-т шилжүүлсэн нэг ч өргөдлийн эцсийн шийдвэр гараагүй байна. Авлига албан тушаалтны гэмт хэргийг таслан зогсоох, хууль ёсны хариуцлага тооцох, авлигаас ангид байх нийгмийн эрэлт хэрэгцээ ихсэж байна. Хууль хяналтын байгууллагууд хуулиа дээдлэн мөрдөж, Монгол Улсыг авлигаас ангижруулахад мэдэгдэхүйц үр дүнд хүргэх үндсэн үүрэгтэй. Гэтэл хуулийн байгууллагуудад хуульч мэргэжилтэй авлигачид орогнож байна. Дэлхий дахинаа оффшортой хүчтэй тэмцэж байна. Гэтэл Монголд одоог хүртэл оффшорчдыг шийдэж чадахгүй байна. 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад үүнийг эвлүүлэг биш болохыг тогтоосон.

Гэтэл энэ хэрэг хүртэл өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Тиймээс АТГ хууль зөрчигчдөд хүлэгдсэн байна гэж үзэхээс өөр арга алга. Би болон манай Олон нийтийн дэд зөвлөл тэгж ойлгож байна. Ойлгохоос өөр аргагүй байна. 60 тэрбумыг толгойлсон хүн өнөөдөр өөрөө их хурлыг удирдаад хууль толгойлоод сууж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргалын цалин авах эрх өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хаагдсан. Дуусан. Гэтэл тэр өнөөдрийг хүртэл авилгачдыг хамгаалж, сул цалин авч байгаа. АТГ-т бүхэлдээ авилгачид сууж байна. Бид өнөөдөр 30 саяын бэлэг авсан хүнийг 576 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байгаа шүүгчийг, 200 мянган төгрөгийн хахууль авсан цагдаад 1.6 жилийн ял өгсөн шүүгчийг хуулийн байгууллагаас зайлуулъя гэж хөдөлгөөн өрнүүлэхийг зорьж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours