БОАЖ-ын экс сайдыг “Хөх Монгол бүлгэм” шалгуулахаар хуулийн байгууллагуудад хандлаа

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролтой холбоотой, гэмт хэргийн шинжтэй баримтуудыг “Хөх Монгол бүлгэм” албан ёсоор шалгуулах зорилгоор Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл нарт шилжүүлэн өгч байгаагаа өнөөдөр мэдээллээ.

Тус холбооны тэргүүн Б.Энхбат хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 2015 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад устах эрсдэлтэй гэж тооцогддог дэрэвгэр жиргэрүү хэмээх эмийн ургамлыг БНХАУ-руу 75 тонныг гаргах зөвшөөрөл өгч байсан. Энэхүү шийдвэрийг дараагийн сайд нь хүчингүй болгосон ч 2016 онд Д.Оюунхорол тус салбарын сайдаар эргэн ажиллах болсныхоо дараа дэрэвгэр жиргэрүүг БНХАУ-руу гаргах шийдвэрийг дахин гаргасан байна” хэмээн ярьсан.

Дэрэвгэр жиргэрүү нь устан үгүй болох эмийн ургамлын төрөлд хамаарагддаг. Үндэс нь хөрснөөс гурван метрийн гүнд, хавж ургадаг тул голын ай сав газрын усны ундаргыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг ургамал аж. Эрдэмтдийн хэлж буйгаар Дорнод аймаг 50, Сэлэнгэ аймаг 40 тонн дэрэвгэр жиргэрүүгийн нөөцтэй бөгөөд ач холбогдлоороо хүн орхоодойтой адил юм байна. Манайд энэ ургамлыг үрэвсэлт өвчнийг анагаах болон сахарын өвчнийг намдаахад тустай эмийн найрлагад ашиглаж байгаа аж.

Уг ургамлыг 1995 онд Засгийн газрын тогтоолоор ховордож байгаа эмийн ургамлын жагсаалтад оруулж, улмаар түүж экспортлохыг хориглосон байдаг. “2016 онд таван хятад иргэн таван килограмм дэрэвгэр жиргэрүүг машиныхаа шалавчин дор нуун, хилээр гарах гэж байсныг илрүүлэн баривчилж, тэдэнд зургаан жилийн ял оноосон байдаг. Ийм ховор нандин ургамлыг хамаагүй ашиглах зөвшөөрөл өгсөн нь албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэг” хэмээн Б.Энхбат хэллээ.

Мөн, Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 6-7 тэрбум төгрөгийн өртгөөр Монгол Улсын дархан цаазат газар, байгаль орчныг судлах хүрээлэнг барьсныг 2015 онд Д.Оюунхорол сайдаар ажиллаж байхдаа “Монгол Кувейтийн сан” ТББ-аар дамжуулан өөртөө шилжүүлэн авсан тухай баримтыг тэрбээр дурдлаа. Энэ нь хууль бус үйлдэл гэж “Хөх Монгол бүлгэм” үзэж байгаа бөгөөд төрийн бус байгууллага нэрийн дор төрийн асар том хөрөнгө оруулалт бүхий газрыг хувийн эзэмшилд авсныг шалгуулах хүсэлтэй байгаа аж.

Монгол Улсын хуульд Туул голын хамгаалалтын бүсийг 50 метр хэмээн тогтоосон ба тус бүсэд газар олгож, барилга байшин барьж болохгүйг заасан байдаг. Харин усны сав газрын хамгаалалтын бүсэд голын эргийн 1-5 километр бүхий талбай хамаардаг. Энэ зайд ургаж буй ургамал, бут, сөөг бол энэ гол горхи усны ундаргын нөөцийг тэтгэж байдаг байна. Гэтэл УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол 2015, 2016, 2017 онд Туул голын ай сав газарт 20 орчим аж ахуйн нэгж, хувь хүнд үйл ажиллагаа явуулах, барилга барих тусгай зөвшөөрөл олгосон тухай Т.Энхбат ярилаа.

Тэрбээр цааш нь “Туул голын сав газруудад аж ахуйн нэгж, хувь хүмүүст үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгснийг холбогдох хууль хяналтын байгуууллага заавал шалгах ёстой. Учир нь БОАЖЯ-нд газар олгох эрх нь байдаг. Байгаль орчныг хайрлаж хамгаалах ёстой салбарын сайд атал нийслэлийн иргэдийн ундны усны эх үндсийг сүйтгэхэд нөлөөлөх зөвшөөрөл олгосон нь монгол хүний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах магадлалтай юм” гээд “Хөх Монгол бүлгэм”, “Даяар Монгол” хөдөлгөөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг энэхүү үйлдэлд холбогдуулан гүтгэх гэсэн далд санаа агуулаагүй, харин удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй дээрх асуудлыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгаж, үнэн худлыг нь тогтоож, Монголын ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс ийнхүү хүсэлт хүргүүлж байгаагаа мэдээллээ.

+ There are no comments

Add yours