Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад хоёр жил зогссон талаар асуулга тавьжээ

Нийслэлийн хүн амын 56.7 хувь нь гэр хороололд амьдарч байгаа өнөө үед “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг шийдвэрлэхгүйгээр хотын хөгжлийн талаар хөндөх боломжгүй. Хотын иргэд, оршин суугчдын хамгийн их хүсэн хүлээсэн уг асуудлыг шийдвэрлэхээр тодорхой төсөв, төлөвлөгөөт ажлуудыг хийж эхэлсэн боловч сүүлийн 2 жил ямар ажил явагдаж байгаа нь тодорхойгүй байгаа.

Үүнтэй холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн Засаг даргад асуулга тавьж, энэ сарын НИТХ-ын хуралдаан дээр хариуг сонсохыг хүссэн байна.

Үүнд зургаан асуулт тавьжээ.

  1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/38 тоот тогтоолоор Нийслэл хотыг нэг төвөөс олон төвт хот болгон хөгжүүлэхээр дэд төвүүдийн байршлыг тогтоох шийдвэр гаргаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эдгээрээс эхний ээлжинд хийгдэх Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтэц, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажил өнөөдөр ямар шатанд явж байна вэ?
  2. Нийслэлийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тайлангуудыг авч дүгнэн, ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Тэдгээр компаниудын өмнө тулгамдсан ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар дэмжлэг үзүүлж ажилласан бэ?
  3. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/06/10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам”-ыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа вэ? Барилгын ажил дуусах шатандаа яваа / гүйцэтгэл 90 хувиас дээш/ дахин төлөвлөлтийн ажилд зориулж 20 тэрбум төгрөгийг тусгасныг яагаад цуцалсан бэ?
  4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2—т “Дагуул болон хаяа хот, тосгон, дэд төвүүд, шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах, ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэж тусгажээ. Энэ зорилтын хүрээнд ямар үр дүн гарсан бэ?
  5. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5-д “Гэр хорооллыг шинэ үзэл баримтлалын дагуу хөгжүүлж, иргэдэд боломжийн өртөгтэй орон сууцтай болох “Зөв шийдэлтэй” дахин төлөвлөлтийг системтэйгээр хийнэ” гэж тусгасан байна. Энэ хүрээнд зөв шийдэлтэй дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн үү, иргэд төлбөрийн чадварт нийцсэн өртөгтэй орон сууцтай болж чадсан уу?
  6. Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.6-д “Газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, тохилог орон сууц барих ажлыг дэмжинэ” гэж заасан байна.  Уг зорилтын дагуу хичнээн орон сууц баригдаад байна вэ, ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

 

Эх сурвалж: НИТХ дэх АН-ын бүлгийн ажлын алба 

+ There are no comments

Add yours