Хүүхдийн паркийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өнгөрсөн лхагва гаригт Паркийн “Сансрын хөлөг” тоглоом эвдэрсний  улмаас гарсан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.

Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан. Өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн эвдэрсэн тоглоомыг актлах шийдвэр гаргажээ.

Хэрэв ослыг эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжүүлж, зөрчлийн шинжтэй гэж үзвэл НМХГ-аас захиргааны арга хэмжээ авах юм байна. Одоогийн байдлаар Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомд аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт, шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүр Үндэсний соёл амралтын хүрээлэнд /Бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк/ хяналт шалгалт явуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилладаг байна. Хамгийн сүүлд буюу 2018 оны тавдугаар сарын 22-ны өдөр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, осол аваараас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ.

Тус зөвлөмжид Үндэсний Соёл амралтын хүрээлэнд буй барилга байгууламж, 22 тоглоомын техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, засвар үйлчилгээг тогтмол хийх зэрэг асуудлуудыг тусгасан байна.

+ There are no comments

Add yours