ШХАБ-д Монгол Улс шат ахиулан оролцох хүсэлтэй буйгаа илэрхийлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод, өчигдөр эх орондоо ирсэн билээ Тэрээр хуралдаан зохион байгуулагдах хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нартай Монгол-Орос-Хятадын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийж, ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцон үг хэлэв.

Улмаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хоёр талын уулзалт хийж, тодорхой асуудлуудаар санал солилцсон  байна.

 

Уулзалтуудыг товч дүгнэхэд, хоёр хөршийн Ерөнхийлөгч нарт эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлэх, гурван талт хамтын ажиллагааны бусад чиглэл, механизмын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Харин бусад улс орны тэргүүнүүдтэй эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, гадаад бодлогын хүрээнд хамтран ажиллах саналуудыг харилцан ярилцсан байна. Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг тавьсныг мөнхүү тэмдэглэх нь зүйтэй.

Гол нь энэ удаагийн уулзалтад манай улсын өгч чадсан шинэ мессэж нь, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс шат ахиулан оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн явдал.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь анх 1996 онд “Хил орчмын цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх тухай” гэрээнд таван улс гарын үсэг зурснаар сууриа тавьж байсан түүхтэй. Тодруулбал, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан гэсэн таван улс бүлгэм байгуулж байжээ.

Улмаар 2001 онд Шанхай хотод уулзахдаа “ШХАБ” байгуулагдаж буйг албан ёсоор зарлаж, Узбекстан улсыг гишүүнээр нэмж байсан түүхтэй. Өнгөрсөн онд тэд Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улсыг албан ёсоор эгнээндээ нэгтгэж чадсанаар “Их найм” буюу “Шанхайн найм” болсон юм. Харин ажиглагч статустай дөрвөн орон байдгийн нэг нь Монгол Улс билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө ШХАБ-д элсэх эсэх асуудал УИХ дээр хаалттай хэлэлцэгдэж, гишүүд энэ талаар өөр өөрсдийн байр сууриа ч хангалттай илэрхийлсэн. Судлаачид, мэргэжлийн хүрээнийхэн, олон нийтийн дунд ч уг асуудлаар багагүй маргаан явлаа.

Манайхан л болсон хойно асуудлыг улс төржүүлж, уулзалтын үеэрх Ерөнхийлөгчийн захалж зогссон зургаар сошиал орчинд баахан хөвөрлөө. Ажиглагчийн бус байр сууринаас ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцох эсэх шийдвэрийг УИХ эцэслэн шийднэ.

Тэр болтол олон нийтийн дунд санал асуулга явуулах, Гадаад харилцааны яам болон мэргэжлийн хүрээнийхэн холбогдох судалгаануудыг хийх зэргээр асуудлууд шат дараатай өрнөх болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм. Түүнчлэн ОХУ, БНХАУ-ын зүгээс уг асуудлаар баримтлах  байр суурь нь ч басхүү ихээхэн анхаарал татсан хэвээр байна. Ямартай ч төрийн тэргүүн нь ШХАБ-ын уулзалтад оролцож, “Бид илүү тоглогч болох хүсэлтэй байна” гэсэн мессижээ өгч чадлаа.

Тэрээр “Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагаа илүү өргөжин тэлж, бүс нутгийн аюулгүй байдлаас гадна гишүүн орнуудын хөгжил дэвшлийн чиглэлд илүү анхаарч байгаа. Худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн чиглэлд өргөжиж байна.  Монгол Улс гадаад бодлогын залгамж халаагаа тууштай баримтлан ажиллаж байгаа.

Тус байгууллагын гишүүн орнуудтай уул уурхай, хүнд үйлдвэр, эдийн засгийн бусад салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг хүсч байгаа. Терроризм, хууль бус наймаа, хар тамхины асуудлаар ч та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн байр суурь илэрхийлсэн нь анхаарал татсан юм.

+ There are no comments

Add yours