Хачигт халдварын 658 тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 725 яаралтай дуудлага хүлээн авсан байна. Эдгээрийн 59(8.1%) галзуугийн эрсдэлд өртсөн, 658(90.7%) хачигт халдвар, 2(0.3%) бэтэг, 1(0.1%) хумхаа, 5(0.7%)-ийг боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлжээ.

Тухайлбал, Архангай аймагт он гарсаар дөрөвдүгээр сарын 2-ноос тавдугаар сарын 15-ныг хүртэлх байдлаар Тариат, Ихтамир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант, Өндөр-Улаан, Булган, Эрдэнэмандал, Цэнхэр, Хоршоолол, Өлзийт сумдаас бэлчээрийн хачиг (D.nuttalli)-т хазуулсан, хачигт халдварын өвчлөлийн сэжигтэй нийт 24 хүн эмнэлэгт ханджээ. Эдгээр иргэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Дээрх иргэдэд лабораторийн шинжилгээгээр давтан шинжилгээ хийж байгаа аж.

Мөн Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Ихтамир, Өгийнуур сумын Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц мэдрэлийн тасагт таван зүйлийн эрвээхэй, цох, хачиг тархсаныг тогтоожээ. Түүнчлэн жижиг хүрэн цох, навчит цох, шувууны хачиг, мөөгөнцөрийн цох, цагаан эрвээхэй тодорхойлогдон шавьж устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн хариу арга хэмжээ авах талаар дээрх газруудад болон ойр орчинд амьдардаг иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийслэл, аймгуудад хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийгдэж буй юм. Өнгөрсөн сард Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Найрамдал” зуслангийн орчимд хачгийн тандалт судалгаа хийж, байгалийн голомтыг тогтоох, хүн амын дунд мэдлэг, хандлагыг тодорхойлох асуумж судалгаа хийжээ.

Тус газарт хачгийн нягтшил бага байгаа хэдий ч цуглуулсан хачигт лабораторийн шинжилгээ хийхэд хачигт риккетсиозын халдваржилтын хувь 88% буюу байгалийн голомтын идэвхижил өндөр байгааг тогтоосон байна. “Найрамдал” орчимд амьдардаг иргэдээс асуумж судалгаа авахад 8% нь хачигт хазуулж байсан, хачигт халдварын талаар сонсч байсан гэх мэдээлэл өгсөн боловч эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдлэггүй байжээ.

Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв (ЗӨСТ) Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат, Баруунбүрэн болон Булган аймгийн Бугат сумын нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа хийжээ.

Тандалт судалгааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Нүхтийн ам, Цагааннуур сумын Таширт, Баруунбүрэн сумын Бүрэнгийн даваа, Булган аймгийн Бугат сумын Моностойн ам, Баян Айргийн нарийн ам, Цагаан Хуст, зэрэг газруудаас хачиг цуглуулж, зүйлийн бүрэлдэхүүн, нягтшил, тархалтыг тогтоосон байна.

Мөн тандалт судалгаа хийгдсэн газруудад халиар түүж буй иргэд болон тухайн газарт амьдарч буй малчдаас асуумж, судалгаа авч, хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх санамж, хуудас тараан, хазуулсан тохиолдолд хачгийг хэрхэн зөв салгаж авах талаар зөвлөмж өгч ажиллажээ.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв (ЗӨСТ)-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт судалгааг 2018 оны тавдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голд хийж гүйцэтгэсэн байна.

Хачгаар дамжих халдварын тандалт судалгаанд долоон цэгт газрыг хамруулан 64 бог малаас хачиг цуглуулж, 12 дарцаг/км ажиллуулжээ. Тандалт судалгааны явцад H.asiaticum зүйлийн 123 хачиг, D.nuttalli зүйлийн 30 хачиг нийт 153 хачгийг дээжилж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхээр хүргүүлсэн байна. Шинжилгээ үргэлжилж байгаа ажээ. Мөн тус нутгийн иргэдэд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж хуудас тараасан байна.

-ХАЧИГ ХҮНИЙ НИМГЭН АРЬС БҮХИЙ ЧИЙГЛЭГ ГАЗРУУДАД ХАЗДАГ-

Сүүлийн үед хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа аж. Тиймээс ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллага зөвлөж байна.

Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь, хөхний дор, чихний ард, үсэн дотор байрлаж хаздаг байна.

+ There are no comments

Add yours