Судлаачид Анна Франкийн өдрийн тэмдэглэлээс нууц хоёр хуудсыг илрүүлжээ

Дэлхийд алдартай Анна Франкийн өдрийн тэмдэглэлээс биеэ үнэлэгчид, сэксийн харилцааны тухай бичвэрүүд бүхий хоёр нууц хуудсыг илрүүлснээ судлаачид өчигдөр зарлажээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацистуудаас нуугдан амьдарч байсан өсвөр насны жүүд охин Аннагийн өдрийн тэмдэглэл түүнийг нас барсны дараа хэвлэгдэж, дэлхий нийтэд алдаршсан юм.

Тэгвэл түүний тэмдэглэлээс гэр бүлийнхнээсээ нуухын тулд бараан цаас давхарлаж наасан хоёр хуудас бичвэрийг саяхан илрүүлжээ.

Тусгай сканнерын техник ашиглаж уншсан хоёр хуудсыг 1942 оны есдүгээр сарын 28-нд буюу 13 настай Анна Амстердам хотод нуувчинд амьдрах болсноос удаагүй байхдаа бичсэн байна.

Аннагийн бичсэн зарим бичвэрээс дэлгэвэл “Германы Вермахтын охид яагаад Голландад ирсэн гээч? Цэргүүдийн гудас болохын тулд”, “Хэвийн л бол бүх эрчүүд эмэгтэйчүүдийг эргүүлдэг. Эмэгтэйчүүд ч өөрийг нь гудамжинд ээрч хоргооход дуртай байдаг. Тэгээд тэд хамтдаа явдаг. Парист бүр тэдэнд зориулсан том байшингууд бий. Манай аав хүртэл тэнд очиж байсан” гэжээ.

Тэр бас өсвөр насны охидод сарын тэмдэг анхлан ирэх үеийг “Энэ бол эр хүнтэй унтахад бэлэн болсны шинж. Гэхдээ гэрлэхээсээ өмнө үүнийг хийж болохгүй нь мэдээж” гэж тодорхойлсон байна.

Нидерландын Дайн, Холокост, Геноцид Судлалын хүрээлэнгийн захирал Франк Ван Ври “Шинээр илэрсэн бичвэрүүдийг уншсан хэн ч инээдээ барьж чадахгүй байх. Гэхдээ ийм бохир агуулгатай материал нь өсвөр насны хүүхдүүдийн хувьд хамгийн сонирхолтой сэдэв байдаг. Анна ч бусад хүүхдүүдээс ялгарахгүй, жирийн охин байсныг энэ баримт харуулж байна” хэмээн ярьжээ.

Тэмдэглэлийн бусад хэсэгт Анна өөрийн бэлгийн өсөлт, бойжилт, сарын тэмдэг, биеийнхээ анатомын талаар ний нуугүй бичсэн байгаа гэнэ.

Анна Франкийн тэмдэглэлийг 1947 онд анх хэвлэгдэхэд эцэг нь ийм агуулгатай хэсгүүдийг хасуулж байжээ. Харин зохиогчийн эрхийн асуудлаас болоод шинээр илэрсэн хуудсуудыг уг номны шинэ хэвлэлтэд оруулах эсэх нь эргэлзээтэй байгааг судлаачид мэдэгдсэн байна.

Шинэ хуудсуудыг илрүүлэх ажлыг Анна Франкийн музей, Нидерландын Дайн, Холокост, Геноцид Судлалын хүрээлэн, Нидерландын Түүхийн Хyйгенс Хүрээлэнгийн судлаачид хамтран гүйцэтгэжээ.

Эх сурвалж: Evening Standard

+ There are no comments

Add yours