Малчдын улсын зөвлөгөөн бэлчээрийн асуудлыг шийдэхэд чиглэнэ

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн 2018 оны 5 дугаар сарын 17-нд Төрийн ордонд болно.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, мал аж ахуйн салбарт ажиллаж буй эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцоно. Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид багтаж байна.

Өнгөрсөн жилийн малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжих бэлтгэл ажлаа хангаад байна.

Тэгвэл энэ жилийн малчдын зөвлөгөөнөөр дээр дурдсан мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг тайлбарлан таниулах, Бэлчээрийн хуулийн тухай, бэлчээрийн төлбөрийн асуудлыг ухаалгаар шийдэх гарцыг олох, төрөөс малчдын нийгэм, эрүүл мэнд, боловсролын талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар танилцуулна.

 

+ There are no comments

Add yours