Эрдэнэт хүний амь энджээ, Эрдэнэс таван толгойд…

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компанийн  олборлолтын талбайд энэ сарын 4-нд харамсалтай осол болж хүний амь эндсэн байна. Тус компанийн ажилтан, Улаанбаатар хотын  харъяат 43 настай иргэн А хүнд даацын дозер маркийн тээврийн хэрэгсэлд дайруулж амиа алджээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач нүүрсний овоолгод дээр ажиллаж байсан бөгөөд машинаа унтраалгүйгээр буусан нь осол гарах шалтгаан болсон бололтой. Талийгаач жолоодлогогүй болсон машинаа зогсоох гэж оролдож байгаад дайруулж амиа алдсан гэнэ. Уг харамсалтай хэргийг нүдээр харсан гэрч байхгүй ч талийгаачийг олох үед бүэн эрхтэн байхгүй болтлоо бүх бие нь няцарсан байсан аж.

Харамсалтай нь дээрх хэргийг “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компанийн удирдлагууд гадагшаа задруулахгүй байхыг бүх хэлтэс албадынхаа ажилтнуудад үүрэгдэж, энэ хэргийн талаар мэдээлэл гадагшлуулсан  байх аваас тэр хүнийг ажлаас нь хална хэмээн мэдэгдсэн тухай эх сурвалж мөн ам алдсан юм.
Харин осол болсноос хойш хоёр хоногийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэнд талийгаачийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа юм байна. Хохирогч өмнө нь  “Энержи ресурс” компанид ажиллаж байгаад “Эрдэнэс таван толгой” руу шилжээд удаагүй байсан гэнэ.

Болсон хэрэг явдлын талаар “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компанийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад,”Бид өөр мэдээлэл бэлдэж байгаа тул завгүй байна. Энэ хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” хэмээх хариултыг өгсөн байна. Уг хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй гэх дүгнэлтийг гаргаад байгаа сурагтай.
Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор бүх бурууг талийгаачид тохоод өнгөрөх сонирхол компанийн удирдлагуудад байхыг үгүйсгэх аргагүй гэсэн хардлагыг бидэнд ойрын эх сурвалж хэлсэн. Учир нь компанийн удирдлагууд осол гарсан даруйд талийгаачийн ар гэрт мэдэгдэлгүй хоёр хоносон нь ийн хардлага төрүүлэх болсон байна. Мөн осол болсон талаар компанийн удирдлага ар гэрийнхэнд даруйхан мэдэгдэж, талийгаачийн ар гэрийнхнээс уучлал хүссэн бол асуудал газар авахгүй байх боломж байсан талаар ч эх сурвалж өгүүлсэн юм.
Х.Мандуул

+ There are no comments

Add yours