Friday, April 19 2024

“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдаа сүхбаатарын талбайд болно

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сард болдог “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон БСШУСЯ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцон “Хүүхдэд зориулав 2018” үзэсгэлэн худалдааны зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Тус үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, хамтран зохион байгуулагчаар ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ, МХЕГ, ШӨХТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ зэрэг төрийн байгууллага, МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг ТББ, мэргэжлийн холбоод ажиллаж байгаа аж.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн өмнө болж буйгаараа онцлог уг үзэсгэлэн худалдааны үеэр хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн баярын жагсаал болж, “Хүүхдэд зориулав” гэсэн тодотголтой гран при бүтээгдэхүүн, экспортын шилдэг бүтээгдэхүүн, импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн гэсэн дөрвөн номинациар үйлдвэрлэгчдийг шалгаруулах юм байна. Мөн хүүхдийн зөв хооллолт мэдээллийн булан, өсвөр, залуу үед зориулсан хэрэглэгчийн булан ажиллуулна. Түүнчлэн хүүхдийн хоол хүнс болон унадаг дугуйны өдөрлөг, хүүхдийн гутал, хувцасны загварын шоу зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэр мэргэжлийн хяналтын явуулын лабораторийг ажиллуулж, хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө гэнэ.

Үзэсгэлэн худалдаа болж байхтай зэрэгцэн салбарын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчдийг хамруулсан “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж”, “Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн хоол, хүнсний чанар, хангамжийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг тус тус зохион байгуулах юм байна.

Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үр дүнд хүүхдэд зориулсан дотоодын хөнгөн, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, нэр, төрөл олшрон, чанар нь сайжрах, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байгааг дуулгалаа. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг 2018 оны тавдугаар сарын 22-ны 17.00 цаг хүртэл бүртгэж байгаа бөгөөд оролцоход хураамж төлөхгүй ажээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: