Архидалтаас үйдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдсээр..

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Улмаар уг хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн билээ.

Эл хуульд ямар ямар өөрчлөлт орсон, хууль яаж чангарсан, ямар хариуцлага хүлээдэг болсон, хэдийнээс хэрэгжиж эхэлснийг одоо хүртэл мэдээгүй, мэдээлэлгүй иргэд олон байгааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хариуцлага хүлээж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн, буурахгүй байгаа гэх албаны эх сурвалжийн мэдээллээс харж болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд ял сонссон гэх иргэдийн дунд согтуу байхдаа эхнэрээ нэг алгадсан, эхнэртээ агсам тавьсан, гэрийн даалгавар хийлгэхдээ хүүхдээ цохисон ээж, гадаадад байгаа эхнэрээ утсаар сүрдүүлж дарамталсан залуу, эхнэрийнхээ фэйсбүүкийн нууц үгийг зөвшөөрөлгүй ашигласан эр, эхнэрээ өөр хүнтэй явалдаад байгааг бичлэг хийж баримтжуулсан нөхөр гэх мэт асуудлаас болж 14-25 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгүүлсэн хүмүүс ч олон байгаа талаар өнгөрсөн жил та бүхэнд мэдээллэж байснаа эргэн сануулж байна.

Ахуйн хүрээний архидалтаас үүдэж гэмт хэргийн холбогдогч, гэмт хэрэгтэн болох байдал улам бүр нэмэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Ялангуяа сүүлийн үед архидан согтуурсны улмаас биеэ хянах чадваргүй болсон үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг тасрахгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж буй юм. Тиймдээ ч аавыгаа, эхнэрээ хутгалах, зодох, айлган сүрдүүлэх, хүүхдээ хүчирхийлж байнгын айдас түгшүүр төрүүлж байгаа иргэдэд цагдаагаас түргэн шуурхай, хойшлуулшгүй арга хэмжээнүүд авч ажилласаар байгааг дуулгав.

Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдахад, энэ сарын 9-ний орой 19 цагийн үед Багахангай дүүрэгт оршин суух, 14 настай, эрэгтэй Э гэх хүүхдийг түүний нагац ах болох, 39 настай Б гэх хүн “Гэрээ цэвэрлэсэнгүй” гэж баруун гарын шууг нь заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарчээ.

Эл хэргийг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд нагац ах гэх хүн нь тухайн үед биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байжээ. Энэ мэтчилэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хоногтоо л гэхэд цагдаагийн байгууллагад 100-200 орчим бүртгэгдэж буй нь их тоо гэдгийг эх сурвалж мэдээлснийг энд онцолж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай шинэ хулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг шууд барьж хорьдог, тэр ч бүү хэл гэр бүл нь гомдолгүй гэсэн ч хамаарахгүйгээр цагдан хорьдог болсон. Тодруулбал тус хуульд:

АНХ УДАА: Зодох, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдвал үүнийг зөрчил гэж үзэж, шууд 7-25 хоног баривчлах ял онооно.


УДАА ДАРАА ДАВТАН: Байнга зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдвал гэмт хэрэг гэж үзэж 1-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор тусгажээ.

+ There are no comments

Add yours