“Сэтгүүлчдийн автобустай аялал” амжилттай болж, өндөрлөлөө

Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрүүдэд улс, орны хөгжилд хувь нэмрээ оруулж, хуульд заасан үүргээ биелүүлж буй татвар төлөгчиддөө талархал илэрхийлж байна. Энэ өдрүүдийн хүрээнд өнгөрсөн лхагва гарагт ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газар, Татвар төлөгчтэй харилцах газар хамтран “Сэтгүүлчдийн автобустай аялал”-ыг зохион байгууллаа. Аялалд ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, дүүргийн Татварын хэлтсийн дарга нар болон сэтгүүлч, зураглаачдын бүрэлдэхүүн оролцов.

Аяллын гол зорилго нь “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд хуульд заасан үүргээ биелүүлж, тайлангаа цаг хугацаанд нь гаргаж, татвараа төлж хэвшсэн эх орныхоо хөгжлийг бүтээгч, эрхэм татвар төлөгчдийн үйл ажиллагааг олон нийтэд түгээн таниулж, өнөөдөр төлсөн таны татвар маргаашийн сайн сайхныг тодорхойлж, үр өгөөжөө өгнө гэдгийг ирээдүйн татвар төлөгчдөд жишиг болгон таниулахад оршиж байв. Тиймээс экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй жишиг гурван компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Монгол аарц” төслийг хэрэгжүүлэж, дэлхийн зах зээлд гаргана

Тэсо корпораци байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд анх Бамбар зайрмагийг үйлдвэрлэж зах зээлд гаргаж байжээ. Одоо удахгүй монгол аарцыг дэлхийн зах зээлд гаргах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж, Засгийн газарт хүртэл хандаад байгаа аж. Тухайлбал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглээнд оруулах, монгол уламжлалыг шинэчлэх гэх мэт зорилгыг тавьж аарцыг хуурайшуулах туршилт хийсэн нь амжилттай болжээ. Өөрөөр хэлбэл, энэ бүтээгдэхүүнийг стандарт шаардлага хангаж, Монголын зах зээлд гаргасан гэнэ.

2016 оноос эхлэн хуурай сүүний экспорт нь идэвхжиж, БНХАУ болон Казахстан улсын зах зээлд амжилттай яваа аж. Тус корпорацийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл “Манай компанийн голлох бүтээгдэхүүн бол хүнс. Одоогоор найман салбар үйлдвэртэй үйл ажиллагаа явуулж байна. Корпорацийн гол зорилго нь хөдөө аж ахуйн түүхий эдийн гаралтай материалаар бүтээгдэхүүн хийж хэрэглэгчдэд хүргэх, эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гаргахыг зорьдог. Ер нь монгол сүүний 90 хувь нь үнэгүйддэг гэх судалгаа байдаг. Тиймээс тэндээс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах, хэрэглэгчдэд хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүн хүргэх бололцоо байна гэсэн судалгааг гаргасан. Тэрнийхээ цар хүрээнд монгол аарц хуурайшуулах төслийг хэрэгжүүлж, дэлхийн зах зээлд гаргахаар зорилго тавьсан. Түүнээс гадна аарцыг Монголдоо нийт массараа хэрэглэдэг болох, мөн хийжүүлсэн газтай ундаанаас татгалзах, сургуулийн хүүхдүүдийн Үдийн цай хөтөлбөрт өгдөг байх зэрэг хэрэгцээндээ чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна” гэлээ.

 

Байшин үйлдвэрлэх комбинат нийлүүлэлтээ хүлээж байна

Ийнхүү аяллын багийнхан “Тэсо”-гоос гарч, дараа нь “Эрэл” группийн “Байшин үйлдвэрлэх комбинат”-д зочилж, дотор хана болон нам нурууны цех, Хучилтын нүхт хавтангийн цех, Зуурмагийн цех, Гадна хананы цех, Арматурын цехийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус Байшин үйлдвэрлэх комбинат өнгөрсөн онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 300 гаруй ажилтантай гурван ээлжээр ажиллан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус үйлдвэрийн гол зорилго нь эх орныхоо чанартай бүх түүхий эдийг ашиглаж, хямд өртөгтэй, чанартай байшин барьж зах зээлд нийлүүлэх юм. Хэдийгээр үйлдвэрийг улсын комисс хүлээж авсан байгаа ч өнөөдрийн байдлаар эрэлт, нийлүүлэлт нь байхгүй байгаа талаар ярьж байна. Тус үйлдвэрийг барихад Хөгжлийн банкнаас буюу Чингис бондоос14 сая ам.доллар, ОУ-ын хөрөнгийн биржээс есөн сая төгрөгийн зээл авч барьжээ. Жилдээ 300 ам.метр байшин үйлдвэрлэх боломжтой гэнэ. “Эрэл” группын ерөнхий захирал Г.Эрдэнэбат “Богино хугацаанд иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ нээсэн. Энэ бол өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдэх маш том төсөл болсон. Манайх сүүлийн үеийн Герман технологийг Монголдоо нэвтрүүлж оруулж ирсэн. Харин байшин барих бүтээгдэхүүн нь цэвэр эх орны түүхий эд, газар хөдлөлтөд тэсвэртэй материалаар барилгаа барина.

 Би энэ үйлдвэрээ 1994 онд дуудлага худалдаагаар 570 сая төгрөгөөр худалдаж авсан. Манай үйлдвэрийн хувьд Улаанбаатар хотыг тэр чигт нь барьсан үйлдвэр. Хамгийн анх 1960-аад оны үед 120 мянгат, Сансарын 5 давхар, Төмөр замын 5 давхар барилга гэх мэт. 1970 оны сүүлчээр технологи өөрчлөгдөөд 3, 4 дүгээр хороолол, 13 дугаар хороолол, Нийслэлийн сургууль, цэцэрлэг эмнэлгийн байгууллагуудыг барьсан сайхан түүхтэй үйлдвэр. Тухайн үедээ энэ үйлдвэр өвөл, зунгүй ажилладаг барилгаа угсарч, материалаа хийдэг байсан. Тэр үеийн технологи дулаан алдагдал ихтэй байсан. Бид өнгөрсөн 2013 оноос эхлэн үйлдвэрийнхээ технологийг шинэчилсэн. Хамгийн сүүлд Герман улсын технологиор шинэчилсэн гэдгийг тодотгож байна. Улаанбаатар хотын 200 гаруй өрхийг утаа, хөрсний бохирдлоос салгах, нийслэлд хэрэгтэй шаардлагатай гэсэн сургууль, цэцэрлэгийн барилгыг сарын дотор барих бүрэн боломжтой. Мөн хувийн хаус болон хорооллыг ч цаг хугацаа орохгүй барина. Хамгийн гол нь шинэ зууны хот тосгоныг барих үйлдвэр үүдээ нээсэн ч эрэлт, нийлүүлэлт одоогоор байхгүй байна” гэв.

“Мөнх зун” хүлэмж жилдээ 40-50 тонн нарийн ногоо гаргаж байна
Ингээд дээрх үйлдвэрээс гарсны дараа “Грийн сити гарден” ХХК-ийн “Мөнх зун” хүлэмжид ирж үйл ажиллагаатай нь танилцав. Тус компанийн ерөнхий захирал Ж.Эрхэмбаяр үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд тэрбээр “2012 онд төмс, хүнсний ногоо хадгалах, Германы дэвшилтэд технологи бүхий 2500 тонны хөргөлттэй ногооны агуулахыг ашиглалтад оруулсан.

Харин 2015 онд энэ Мөнх зун хүлэмжээ ашиглалтад оруулсан. Манай хүлэмжийн гол зорилго, ашиг нь өвлийн улиралд улаан лооль, өргөст хэмхийг тарих боломжтой. Хүнсний ногооны 90 хувьд импортлогддог тул үүнийг бууруулах зорилготой шинэ ногоог тариалж эхэлсэн.

 Голланд технологиор баригдсан бөгөөд 10 дахь жилдээ тариалалтаа хийж, томоохон зах болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж байна. Тарилалт 8 сард эхэлдэг бөгөөд жилийн дараа тариалалтаа зогсоодог. Нэг сар дараагийн тариалалтдаа бэлтгэж, цэвэрлэгээ арчилгаа хийж дараагийн үрсэлгээгээ хийдэг. Хүчин чадлын хувьд 3000 м2, жилдээ 40-50 тоннын нарийн ногоо гаргаж авч байна. Бидний зорилго эхний ээлжинд 3000 мквдратад хүлэмжээ тариад туршаад үзлээ. Харин одоо гадаа сул талбайдаа дараагийнхаа ээлжийн хүлэмжийг барихаар төлөвлөж байна” гэлээ. Ийнхүү Голландын технологийг нэвтрүүлж өвөл зунгүй нарийн ногоо тариалж, иргэдийнхээ хэрэгцээг хангаж байгаа компанийг Татварын ерөнхий газраас сонгосон бөгөөд дүүргийн төсөвт өнгөрсөн жил 110 сая төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Хүлэмжийн аж ахуй нь нилээд хөдөлмөр шаарддаг бөгөөд өнөөдрийн байдлаар тус хүлэмжид нийт найман ажилтан хоёр ээлжээр ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд ТЕГ, Нийслэ         лийн татварын газар болон дүүргийн Татварын хэлтсийн дарга нар, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран татвар төлөгчдийнхөө үйл ажиллагаатай газар дээр нь очиж, танилцаж байгаад тэд талархаж байгаагаа илэрхийлэв. Ийнхүү “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулсан “Сэтгүүлчдийн автобустай аялал” бүтэн өдрийн турш үргэлжилж, амжилттай болж өндөрлөлөө.

+ There are no comments

Add yours