С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавив

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих прокурорын саналыг өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах гаргаж, хилийн хориг тавих шийдвэр гаргасан байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл:  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг анх 2018 оны 04 сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгуулах  тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа:

  1. Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж /Батлан даалтад гаргаж/ Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно
  2. С.Баярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж /Батлан даалтад гаргаж/ Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 Шүүх хуралдаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь цагдан хорих 461-р ангиас Онлайнаар шууд холбогдож оролцсон болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 Авлигатай Тэмцэх Газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчилсан юм.

+ There are no comments

Add yours