СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галын улмаас 17 хүний алтан амь хохирчээ

Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газраас гэр, байшин, ахуйн объект шатсан тухай дуудлага их ирж байгаа талаар мэдээлж байна. Иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж эд хөрөнгөөрөө хохироод ч зогсохгүй алтан амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гарсаар буй юм.

Хамгийн сүүлийн эмгэнэлтэй жишээг дурдахад, энэ сарын 7-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшин шатаж, дөрвөн хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Онцгой байдлын алба хаагчид хэдийгээр шуурхай очиж галын унтраасан ч гэрт байсан дөрвөн хүн аль хэдийнэ угаартаж амиа алдсан байжээ.

Тодруулбал, түймэрт иргэн 61 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй Т, 56 настай, эрэгтэй Э, 56 настай, эмэгтэй Д нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Тэдний амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус айлын зургаан настай хүүхэд байшингийнхаа амбаар хэсэгт цаас шатааж тоглож байгаад гал алдсаны улмаас энэхүү харамсалтай хэрэг гарчээ.

Эл хэргээс улбаалан бид иргэддээ сэрэмжлүүлэх үүднээс он гарсаар галын аюулын улмаас хэдэн хүний алтан амь эрсдэж, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирсон талаарх тоон мэдээллийг албаны хүнээс тодруулсан юм. Нийслэлийн онцгой байдлын газрын эх сурвалжийн өгсөн мэдээллээс үзэхэд 2018 он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар гал түймэрт 11 том хүн, хоёр хүүхэд өртөж харамсалтайгаар амиа алдсан байна. Энэ тоонд дээрх дөрвөн хүн багтаагүй. Тэгэхээр он гарснаас хойш нийт галын аюулын улмаас 17 хүн амиа алдсан гэсэн үг. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зургаан хүн галд амиа алджээ.

Түлэгдэж гэмтсэн хүний хувьд 2017 оны эхний дөрвөн сард 11 хүн байсан бол, энэ оны эхний дөрвөн сард найман том хүн, нэг хүүхэд түлэгдсэн байх юм.

Албаныхны мэдээлж буйгаар, дээрх амиа алдсан тохиолдлууд болон бусад галын дуудлага дээр очиж ажиллаж, шалтгааныг тодруулахад гал гарсан шалтгаан нь ихэвчлэн пийшин зуухны халалт, яндангийн цонолт, цахилгаан ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болсон байдаг аж. Тиймээс галын аюулаас онцгойлон анхааруулж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

-Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах.

-Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох.

-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх.

-Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох.

-Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх.

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх

-Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх зэрэг зөвлөмжүүдийг хүргэж байна.

+ There are no comments

Add yours