Америкийн Startup Монголоос программ хөгжүүлэгч хайж байна

АНУ-ын Калифорни мужийн Цахиурын Хөндий буюу “Silicon Valley”-д байрлах “Intutech” гэх технологийн стартап компани Монголоос гэрээт програм хөгжүүлэгч хайж байгаа аж.

Тэд 2018 оны 5-7-р саруудын хооронд сонгон шалгаруулалт хийх юм байна. Монголоос хайх болсон шалтгаан нь тухайн компанийн үүсгэн байгуулагчид нь Монгол бөгөөд Цахиурын Хөндийн стартап компанийн арга барилаас туршлага хуримтлуулах сонирхолтой Монгол залууст боломж олгох хүсэлтэй байна гэжээ.

Тэдний сонгосон гэрээт програм хөгжүүлэгчид нь Монголоос ажиллах ч, өөрсдийн компанийн соёл, арга барил, Цахиурын Хөндийн стартап орчныг таниулах зорилгоор нэг сар орчмын хугацаатай өөрсдийн орчинд байлгах бөгөөд холбогдох бүх зардлыг нь төлнө гэж өөрсдийн вебсайт дээр мэдээлжээ. Мөн Монголоос гэрээт програм хөгжүүлэгч хийх нэг сарын ажлын хөлсөнд 4 сая төгрөг төлнө гэсэн байна.

“Intutech” гэх тус компани нь хэрэглээний электроникийн буюу Hardware чиглэлийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч компани бөгөөд өөрсдөө Боловсролын Технологи, тэр дундаа бага насны хүүхдийн боловсролын чиглэлээр бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа гэжээ. Харин яг ямар бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа нь вебсайт дээр нь илт харагдаагүй юм. Монголоос ажиллах гэрээт програм хөгжүүлэгчид нь тэдний одоогоор нууцалж байгаа боловсролын технологийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд нь оролцон ажиллах болов уу.

Тэдний сонгон шалгаруулалтын анкет нь янз бүрийн хувийн ба мэргэжлийн асуултаас гадна 1-2 минутын өөрийгөө танилцуулах бичлэг явуулах шаардлагыг мөн тавьжээ.

Хамгийн сонирхолтой нь тэд ажлын хандлага, эзэмшсэн ур чадвар нь төгссөн сургууль, эрдмийн зэргээс илүү чухал учраас төгссөн сургуулийн чансаа нь Массачусетсийн Технологийн Институт эсвэл Станфордын Их сургууль биш л бол огт нөлөөлөхгүй гэж анкет дээрээ бичжээ. Мөн огт сургууль төгсөөгүй байсан ч тэдний шалгаруулалтад сөргөөр нөлөөлөхгүй юм байна. Төгссөн сургуулийнх нь диплом нь ажилд орох гол хөшүүрэг нь болоод байгаа манай залуучуудад энэ зар нэгийг бодогдуулах биз ээ.

Энэ сонирхолтой гэрээт ажлын зар энэ 7-р сарыг хүртэл нээлттэй байх учраас програм хөгжүүлэгч залуусыг сонирхож үзэхийг уриалж байна.

Тус компанийн вебсайт: www.intutech.co 

+ There are no comments

Add yours