Бүдүүн эмэгтэй сайхан юм бол би бүдүүн л байя

С.Баярцогт гэж айхтар золигоос хуулчихсан юм оо. Улсын төсөвт жилдээ 500 шахам тэрбумын татвар төлдөг, тэрбум долларын хөрөнгө оруулалт далд уурхайн бүтээн байгуулалтанд оруулдаг Оюутолгойн гэрээг хийснийхээ төлөө хоригдож буй С.Баярцогт ” Хөгжил авчирдаг хүн муу хүн юм бол би тэр муу хүн нь байя” гээд хэлчихсэн л хүн дээ. Сайн ба муу, сайхан ба муухай, зөв ба буруу, бүдүүн ба туранхай, шударга ба худалч, үнэн ба худал…энэ ойлголтууд чухам яагаад ингэтлээ холилдож хутгалдчихаад байгаа талаар тунгаах боломж хийгээд бодрол өнөөгийн хүмүүс бидэнд алга. Зүгээр л хуй салхи дагаж өнхөрдөг хамхуул шиг хоёр талцчихаад л хов базаж суудаг болов. Утас маажиж уураа гаргана. Уг цаад учир шалтгааныг нь ухах, унших тухай бодох ч үгүй. Саяхан хөөрхий Ц.Нямдорж “Ангиараа хэрэг хийсэн бол ангиараа хариуцлагаа үүрээд, ангиараа хоригдъё” гэж уриалсан. Үнэндээ бол мань эр “С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Хэрэв гэрээг муу гэж Баярцогт, Баяр нарыг хорьж байгаа бол Засгийн газар танхимаараа хариуцлагаа үүрдэг зарчмаар тэр үед сайд байсан Баттулга ч, би ч бас хариуцлага хүлээх ёстой” гэж хэлснийхээ төлөө баахан балбуулав.

Зүй нь хашир бурхи ” Баттулга аа, хоёулаа ч бас хамт хоригдъё” гээд дуугарчихсан юм л даа. Нямка ахын оронд би байсан бол Оюутолгойн татварт төлдөг 500 шахам тэрбумаас цалинжсан, тэтгэвэр тэтгэмж халамж авсан юм чинь Баярцогттой хамт улсаараа хоригдоё гэж хэлээд бүүр үхчихсэн хэвтэж байх байлаа. Аргагүй хашир толгой арай наагуур нь хэлээд нам тавиулж салсан даа. Бас л нөгөө зөв ба буруу, үнэн ба худлын тухай яриа. Нөгөө ойлгохгүй байгаа муу ба сайн хэмээх тодорхойлолт дээр өөр нэг юм нэмэгдээд байгаа. Татвараа топ төлдөг бусдыгаа татвараас поп хулгайлдаг хулгайч нар нь барьж хорьж, балбаж гөвж буй нь өөрөө үүд, хоймроо сольж, үүц үнээгээ хольж, үнэн худлыг урвуулж, толгой хөлөө тонгоруулдаг болсны тод жишээ болон өнөө цагийн түүхийг бичиглэж байна. Баярцогтын нөгөө алдарт үгийг дахин өөр утгаар нь харъя.
-Гэр бүлээ бүрэн үүрч яваа аав муу хүн болчихдог юм бол би муу аав болъё.
– Үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлээд явж байгаа ээж нар муу юм бол би муу ээж болъё. /Үрийнхээ төлөө үхэхэд бэлэн явдаг аав, ээжүүд бүгд муу болж таарав/
– Улсдаа жилд 275,6 тэрбумын татвар төлдөг Оджаргал, 129 тэрбумыг төлдөг АПУ Батсайхан нар муу хүн юм бол би муу хүн байя.
-Улсын төсөв буюу татвар төлөгчдийн хөлс хөдөлмөрөөс тэрбум тэрбумаар нь луйвардсан нь сайн хүн болчихдог юм бол би харин сайн хүн баймааргүй байна.
– Эх орончийн нэр барьж эх орноо арчаагүй арилжиж буй хүн сайн хүн юм бол би эх оронч баймааргүй байна…
…Харин та хэн баймаар байна? Энэ асуултыг өөрөөсөө асуугаарай. Тэгээд хариултаа өөртөө үлдээ.

+ There are no comments

Add yours