Хулгайн эд анги дамжуулан борлуулдаг 38 цэгийг хаажээ

 Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн байдал, шалгалтын явц хэрхэн явагдаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийж, иргэдэд сэрэмжлүүлэг өглөө. Нийт гэмт хэргийн 40-өөд хувийг хулгайлах гэмт хэрэг, тэр дундаа автомашин хулгайлах гэмт хэрэг байгааг цагдаагийн байгууллага илрүүлж, шуурхай ажиллаж буйгаа мэдэгдлээ.

НЦГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх “2018 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 7,975 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,293 нь буюу 41.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн. Хулгайн гэмт хэргийн 2,688 буюу 81.6 хувийг бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх талаах цагдаагийн байгууллагаас хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Үүний нэг нь оны эхнээс эхэлсэн “Сэрэмжлэе, нэгдье” аян юм. Тус аяны хүрээнд цагдаагийн байгууллагын ажилтнууд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, хэрхэн сэрэмжлэх талаар иргэд, ААН-үүдэд мэдээлэл түгээсэн. Иргэд санаачлагатай оролцож байгааг онцолъё.

Хулгайч нар хулгайлсан эд, зүйлээ томоохон зах, худалдааны төвүүдэд борлуулдаг тул захын эздүүдэд хулгайн эд зүйл авахгүй байх талаар санал, сэрэмжлүүлэг өгч, хамтран ажиллаж байна.

Автомашины эд анги хулгайлах, бүтнээр нь хулгайлах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдсэн. Ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд аккумлятор хулгайлдаг, машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан. Дамжуулан борлуулдаг цэгүүдэд шалгалт хийж, зөрчилтэй нь тогтоогдсон 38 цэгийг хаасан. Мөн хулгайн эд зүйлс худалдаж авахгүй байхыг сэрэмжлүүлье” гэв.

НЦГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Товуудорж “Нийслэлийн хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар хүнийг алах гэмт хэрэг 29 бүртгэгдэж, цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн халуун мөрөөр түргэн шуурхай ажилласны үр дүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна.

Сүүлийн үед нийгмийг цочроосон гэмт хэргүүд гарсан.

Дурдвал, 2018.04.20-ны өдөр БЗД-ийн 26-р хороо Саруул хотхоны 112-р байранд оршин суух иргэн Э-ийн амь насыг онц хэрцгий аргаар хохироож, улмаар маргааш нь буюу 4.21-4.22-нд шилжих шөнө гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор уул уурхайн тэсэлгээний очлуур ашиглан, шатахуунаар амь хохирогчийн цогцсыг галдан шатаасан хэрэг гарсан. Дээрх хэргийг амь хохирогчийн төрсөн дүү буюу Налайх дүүрэгт оршин суух хаягтай Б нь найз Э-ийн хамт үйлдсэн нь тогтоогдсон.

Мөн 2018.4.14-ний өдөр БГД-ийн 2-р хороо 25-р эмийн сангийн орчимд байрлах шөнийн цэнгээний газар архи согтууруулах ундаа хэрэглэсэн таван залуу гудамжинд гурван залуутай маргалдаж, зодолдсоноор иргэн Г хүнд гэмтэж, иргэн Н духан тус газраа зэвсгийн чанартай зүйлээр хатгуулж, амь насаа алдсан хэрэг гарсан. Дээрх хэргийг шалгалтын явцад Сүхбаатар аймгийн харьяа эрхэлсэн тодорхой ажилгүй А,Ч, Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон, шалгаж байна.

2018 оны дөрөвдүгээр сард шөнийн цагаар таксигаар үйлдчилдэг мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius маркийн машинд суусан иргэдийг багаажнаас 2 этгээд гарч ирж, хутга тулган боож, эд зүйлсийг нь дээрэмдсэн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн. НЦГ-ын Мөрдөн шалгах газар дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажилласнаар 4 дүгээр сарын 20-ны өдөр УБ хотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байсан 21-25 насны И,Б,Э нарын бүлэг этгээд үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна”. Одоогийн байдлаар нийт найман удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Иргэдэд шөнийн цагаар такси үйлчилгээ ашиглахдаа найдвартай дуудлагын таксигаар үйлчлүүж, амь бие эд хөрөнгөө хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

НЦГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга дэд хурандаа М.Болдбаатар “Автомашины эд анги хулгайлах гэмт хэрэг их үйлдэгдсэн. Мөн автомашин бүтнээрээ алдагдах гэмт хэрэг нэлээдгүй өссөн. Эдгээр гэмт хэргүүдийг илрүүлэх чиглэлээр ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ-ын тушаалаар ажлын хэсэг байглуулагдан ажиллаж байна.

Автомашин хулгайлж зарж борлуулдаг, унаж сэлгүүцэн энд тэнд орхидог 2-3 бүлэг этгээдүүдийн баривчилж, мөрдөн шалгах ажил явагдаж байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат УБ хотод оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй 16-17 орчим насны этгээдүүд Toyota Cresta, Chaser, Accent  маркийн 12 автомашиныг хулгайлаад УБ хотын нутаг дэвсгэр тэр дундаа гэр хороололд орхисон байсныг илрүүлсэн. Одоогоор зургаан автомашиныг олсон.

Сүүлийн үед Prius10, 20 маркийн машинууд бүтнээрээ алдагдах гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн. Ажлын хэсэг онцгой анхаарч ажилласны дүнд одоогоор 30 орчим автомашин олж тогтоосон. УБ хотын харьяа 23-25 орчим насны залуучууд бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон” гэлээ.

Ихэнх гэмт хэрэг ахуйн хүрээнд, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гарч байгаа тул согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

+ There are no comments

Add yours