Намайг шүүхэд өгөх зав гаргаач, шудрага үнэний “элч төлөөлөгчид” өө!

Галаарид Бадам-Очир

1. Яруу найрагч Б.Галсансүх тэргүүтний довтолгоон

Яруу найрагч Б.Галсансүх өнгөрсөн зун өөрийн нүүр номондоо нийтлэлч А.Баатархуягийн нэгэн бичвэрийг татан байршуулахдаа “Б. Галаарид п…а сайн уншвал таарна” гэсэн малгай гарчиг тавьж, “Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч. Хэдэн сэтгүүлч нэртэй охид хөвгүүдийг хужаад аваачиж тархийг нь угаалгадаг гол хүн дээ” гэсэн тодотгол хийв. Tamachi Horichar нэртэй, Нирунфилмс-д продюсер байсан гэж танилцуулгадаа бичсэн нэгэн нүүрномч “Галаарид хүзүүгүй новшийн дэмжлэгээр сэтгүүлчдийг хятад явуулж мөнгө гусдаг юм”, Ochirbat Baatarchuluun “Галаарид гэж хог байжээ” гэхчлэн гүтгэсэн, доромжилсон сэтгэгдлээр над руу довтлов.
Би хариуг нь “Ноцтой мэдээ”-гийн Б.Галсансүх ноцох хүнээ олсонгүй дээ” (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1712326735736965&id=100008789648865) гэсэн гарчигтайгаар 2017.08.03-нд өөрийн нүүр номонд байршуулж “сошиал хөрстэй болсноор улам хурдасч буй ёсзүйн уналтаас олон нийтийг хэрхэн гаргах вэ” гэдэг асуудлыг хөндөв. Гэтэл “Танхай банди” нэрээр жиргэгч Г.Ням-Очир үүний хариу болгож “Сэтгүүл зүй нэг л биш ээ… Галаарид ах аа?” нэртэй нийтлэл бичсэнийг Б.Галсансүх 2017.08.04-нд сайтуудаар тараав. Г.Ням-Очир бээр “Манай сэтгүүлзүйд бичиж болдоггүй сэдэв зөндөө байна. Жишээ нь: Хятадын тухай үнэнийг бичиж болохгүй. Яагаад гэвэл Ү.Хүрэлбаатар, Б.Галаарид саяхан Ц.Оюундарь ч гэсэн хэдэн сэтгүүлч дагуулчихсан хэрмийн хавиар явж байна” гэж тайлбарлаад “Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч огцорчихож яагаад болдоггүй юм бэ, ингэхэд. Нийгэмд үлгэр жишээ болог. Энэ бол эрүүл үзэгдэл. Тан шиг авъяастай хүн ”талийгаач”-дын ерөнхийлөгч ч болж чадна. Та бол яг нөгөө Махкомбинатын яргын хашаа руу бусдыгаа дагуулан оруулдаг ”тэжээвэр ухна” болчихоод байна” гэхчлэн доромжлов. “Талийгаач”-дын ерөнхийлөгч болох гэдэг үгийн цаана ноцтой заналхийлэл агуулагдаж байгаа нь энэ довтолгоон цааш үргэлжлэхийн шинж, эцсийн зорилго нь чухам юу юм бол гэж тухайн үед бодолхийлэхэд хүргэсэн билээ.
“Б.Галсансүхийн авчирсан материалыг яах вэ? Нийтэлье гэхээр арай л биш, үгүй гэхээр бас болохгүй байна” хэмээн зарим мэдээллийн хэрэгслээс холбогдоход нь би “Би та нарт гай болоод яах вэ, тавиад өгчих өө. Би муугаар хэлүүлээд дуусъя. Та нарыг хөлдөө чирээд яахав” гэснээр Г.Ням-Очирын нийтлэл хэд хэдэн сайтад зэрэг нийтлэгдсэн. Хэд хоногийн дараа Б.Галсансүх өөрөө редакцууд руу ярьж, Г.Ням-Очирын материалыг устгуулсных нь учрыг харин ойлгоогүй.
Ямартай ч миний эсрэг ийм нэгэн довтолгоон 2017 оны наймдугаар сарын эхээр болоод өнгөрсөн бөгөөд хоёр улсын төрийн өндөр дээд түвшинд харилцан тохиролцсон сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг надтай холбон бараг л хүний наймаачин болгож, Хятадын тухай үнэнийг бичүүлдэггүй хорьж хаагч мэтээр гүтгэсэн багц мэдээлэл сошиал орчинд хил хязгааргүй түгсэн нь цаашид дэврээвэл улстөрийн үр дагавартай ч байж болох ноцтой гүтгэлэг байв.
Тийм ч учраас би Б.Галсансүхэд хандсан хариу нийтлэлдээ “Төрийн тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа Х.Баттулга Ерөнхийлөгчид хөрш орнуудтайгаа уламжлалт найрамдалт харилцаагаа үргэлжлүүлэх түүхэн хариуцлага ноогдсон. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэх чадвар түүнд байгаа. Гэтэл түүнтэй ойр дөт байсан, байдаг, манай тал ялсан гэх хандлагаар зарим ухвар мөчид хүмүүс хэт хийрхэж байгаа нь сошиал орчноос илт анзаарагдан санаа зовоож байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр Б.Галсансүх мэтийн ухвар мөчид хүмүүс сүүлийн үед ийнхүү хятад, хужаа хэмээн хийрхэж байгаа нь алсуураа Монгол төрийн бодлогод тус биш, ус болох вий гэж санаа зовно… Үүнтэй адилаар Х.Баттулга Ерөнхийлөгчийг ямар нэг байдлаар шүүмжилсэн постны дор айхтар дайрсан сүрдүүлсэн сэтгэгдлүүд сүүлийн үед нэлээд харагдах болсон нь санаа зовоож байна. Төрийн тэргүүн хүн юу гэж л тийм юм бичүүлээд сууж байхав дээ. Энэ бол ухвар мөчид бялангачдын хийж буй ажил. Долдойнууд хүнийг яаж алдгийг хал үзэж халуун чулуу долоосон хүний хувьд Х.Баттулга Ерөнхийлөгч сайн мэдэх учиртай. Түмний хүндлэлийг хүлээе гэвэл энэ мэтийн хорлолоос сэрэмжилж, тойрон хүрээллийн торон хэлхээнд автахгүй, долдой нарын долоосон үгэнд шандуурахгүй, энд тэнд шууд болон дам утгаар нэр баригчдад хатуухан хандах нь л зөв дөө” гэж бичсэн билээ.
Мөн 2017.08.04-нд би өөрийн фэйсбүүктээ “Асуудал наддаа биш, үндсэрхэг үзэлдээ биш, МСНЭ-ийн Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд байгаа юм байна гэдгийг энэ бичвэрээс сайн ойлголоо. Миний сонгуульт хугацаа дуусахад тоотой хэдхэн сар үлдэж байгаа. 2018 он гарангуут МСНЭ-ийн их хуралтай гэдгийг алгаа үрчигсдэд дуулгачихъя. Санаа бүү зовцгоо. Өгнө өө. Тэгэхдээ хийснээ тайлагнаж, хэлсэн үгэндээ эзэн болсноо нотолчихоод, дүрэм журмынхаа дагуу өгнө. Тамгаа өвөртлөөд зугатахгүй. (https://www.facebook.com/Galaarid/posts/702104273284035) гэж бичив. Улмаар оны өмнө Үндэсний телевиз, “Зууны мэдээ” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгч 2018 онд МСНЭ-ийн ээлжит их хурлаа хийж, албаа хүлээлгэж өгнө гэдгээ албан ёсоор зарлав.

2. Их хэмжээний мөнгө авсан, ашигласан тухай шуугиан

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн ээлжит хурал дээр би тус зөвлөлийн гишүүнийхээ хувьд нэгэн мэдэгдэл хийв. Тэр нь юу вэ гэвэл МСНЭ, түүний хамгийн том гишүүн байгууллага МҮОНРТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд хууль дүрэм, ном журмын дагуу захиран зарцуулсан 20 сая төгрөгийг юунд хэрхэн зарцуулсан талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ирж тайлбар өгөхийг ЕТГ-ын дарга З.Энхболд шаардаж байгаа, тэгэхдээ МҮОНРТ-ийн санхүүгийн тусгай кодоор хэдхэн хүн нэвтэрдэг компьютерт байдаг орлого зарлагын жагсаалтын хуулбарыг надруу viber-аар илгээсэн тухай асуудлыг гаргаж тавьсан юм. МҮОНРТ бол өөрийн гэсэн тусдаа хуультай, хараат бусаар ажиллах учиртай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, МСНЭ нь гишүүддээ үйлчилдэг ТББ бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад юугаа ч тайлагнах үүрэггүй, тэгээд ч хоёр байгууллага хамтын ажиллагааны гэрээгээ дүгнэж, тус тусын тайландаа тусгачихсан, тов тодорхой асуудлыг ийм хэлбэрээр хөндөж байгааг улстөрийн нөлөөлөл үзүүлэх гэсэн оролдлого гэж харж буйгаа хэлсэн. Мөн хэдхэн хүн нэвтрэх эрх бүхий санхүүгийн мэдээлэл яахаараа тэс хөндлөнгийн субъект болох Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас надад ирж байна вэ хэмээн гайхширч байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ МҮОНРТ бол олон шат дамжлага дамжиж хянагдаж байж аливаа гэрээ хүчин төгөлдөр болдог санхүүгийн хариуцлага ихтэй газар, тэгээд ч Үндэсний зөвлөлийн гишүүд энэ талаархи бүх мэдээллийг авч үзэх эрх нь нээлттэй учраас анхаарлаа хандуулна уу гэж хүссэн.
Гэтэл сэтгүүлч Б.Цондовдорж 2017.12.19-нд өөрийн нүүр номондоо “Дээрх хурлын үеэр ҮЗ-ийн зарим гишүүд үг алдаж өөрсдийнхөө булхайг илчилснээр Нинжжамцын огцрох шалтгааныг илүү сайн бүрдүүлж өгчээ. Тухайлбал, гишүүн Галаарид хурлын үеэр бухимдахдаа “Би Нинжжамцаас 20 сая төгрөг авч гадаадын сэтгүүлчдийг дайлсан нь үнэн. Ингэлээ гээд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга яах юм” хэмээн аархаж Ерөнхий захирлаа амиараа ч хамгаалахад бэлэн гэдгээ харуулжээ. Энэ үгийг хуралд оролцсон Үндэсний Зөвлөлийн гишүүдээс гадна ҮЗ-ийн нарийн бичгийн дарга сонссон нь лавтай бөгөөд хурлын протоколд тэмдэглэсэн байх учиртай. Зөвхөн энэ үйлдлээрээ Галаарид ҮЗ-ийн гишүүнээс нэрээ татуулж Нинжжамц огцрохоос гадна дээрх 2 эрхэм хуулийн шийтгэл нэмж хүлээх учиртай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч нэг удаагийн хөхөлтөөрөө 20 саяар угжуулаад байхаар Монголд худалдагдаагүй шударга сэтгүүлч, эздэд үйлчилдэггүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байх уу” (https://www.facebook.com/tsondovdorj.badmaabazar/posts/1515721575207477) гэж бичив. Улмаар энэ мэдээлэл “Галаарид авлига авснаа хүлээн зөвшөөрсөн”, “АТГ шалгаад үнэн болохыг нь тогтоолоо”, “Бид Галааридыг хуулийн байгууллагаар шалгуулах гэж байна” гэх зэргээр агуулга нь бага сага өөрчлөгдөн сошиал орчинд олон удаа тавигдав. Үнэхээр ч АТГ-д гомдол ирсний дагуу шалгаад мөнгө төгрөг ашигласан шамшигдуулсан, авлига авсан асуудал алга, хоёр байгууллага хуулийн хүрээнд ажиллажээ гэдгийг тогтоож өгөв.
АТГ шалгаад авлигын асуудал байхгүй байгааг нотолсны дараа Б.Цондовдорж, Болормаа нар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж МСНЭ, МҮОНРТ-ийн талаар ярина гэсэн зар хэд хоногийн өмнөөс сошиалаар хүчтэй түгэв. Нэвтрүүлэг ч зарласан хугацаандаа цацагдсан, маргаашнаас нь хэд хэдэн жижиг сувгаар гарсан бөгөөд тэнд хэн юу ярьсныг үзсэн хүн санаж байгаа, үзээгүй нь Yuoube-ээс нөхөөд харчихаж болох тул нуршихаа больё.
Энэ талаар би нэвтрүүлгийн маргааш нь буюу 2018.02.06-нд хувийн чөлөөт талбар болох нүүр номондоо “Гунигтай байна. Солонгосын сэтгүүлчдийн холбооны 16 төлөөлөгчийг хүлээн авч 8 хонуулахад хамтарсан МҮОНРТ буруудаж, би авлигачаараа дуудуулав. Наадам тулчихсан, зочид ирэх болчихсон хүнд үед гишүүн байгууллага МҮОНРТ л тусалсан. Өнөөдөр их хурлын мандат нэхэж шаагиад байгаа олон хүн, байгууллагын нэг нь ч туслаагүй. Бүр Удирдах зөвлөлийн гишүүд маань ч хуруу хөдөлгөөгүй. Гэтэл шилэн дансандаа тусгаад, гэрээ байгуулаад, гэрээгээ дүгнээд, тайландаа тусгачихсан хууль ёсны асуудлыг гэмт хэрэг мэтээр өчигдөр орой “Цензургүй яриа” нэвтрүүлгээр харуулав. Үнэн хаа байна аа? Далимдуулаад МСНЭ-рүү, хөөрхий муусайн сэтгүүлчид рүү маань баахан дайрав. Асуудал МСНЭ-ийн сайн мууд байгаа юм биш. Нарийн учрыг нь би их хурлын дараа олон нийтэд дэлгэнэ. Би яаж улстөрийн дарамтад орж, бизнесээ булаалган хохирч, зохион байгуулалттай системтэй гүтгэлэгт өртөж яваа талаараа илэн далангүй ярина. Тэд намайг хүний наймаачин, авлигач гэхчлэн гүтгэж, бүр хэлж занаж байгаад АТГ-аар хүртэл шалгуулсан. Шудрагаар амьдарч яваа надаас юу гарах вэ дээ. Гэр бүлээр минь хүртэл оролдож байгаа. Би бүгдийг ярина. Гэхдээ өнөөдөр биш, маргааш биш. Яагаад гэвэл нөгөөдөр МСНЭ их хуралтай. Түүний дараа болъё. Худал үнэнийг та бидэн ялгаж эс ойлговч мэдэх газраа мэдэж байгаа хэмээн бодож уужиръя даа. (https://www.facebook.com/profile.php?id=100008789648865) гэсэн зурвас үлдээсэн. Гүжир үгэнд сөөм хариугүй хойно өөр яах ч билээ дээ. Галаарид 20 саяын авлига авсан гэх гүтгэлэг өнөөдөр ч сошиалд харагдсаар л байна.
Уг нь үнэнийг хүсээд байгаа хүн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хандан тэр хурал дээр миний юу гэж хэлсэн, энэхүү яригдаад байгаа мөнгөний асуудал үнэн үү гээд лавлачихад л болох эд. Яагаад гэвэл МҮОНРТ бол олон нийтийн телевиз. Иргэдийн хүсэлтэд нээлттэй хариулах үүрэгтэй. Сэтгүүлч Мөнхбаясгалан ч гэсэн үнэхээр л үнэнийг олъё гэсэн бол нэвтрүүлэгтээ Б.Цондовдорж, Н.Болормаа хоёртой цуг намайг уриад тэнцвэртэй мэдээллийг олон түмэнд хүргэж болох л байсан. Харамсалтай нь намайг харлуулах шат дараатай, зохион байгуулалттай дайралтын нэг эрэг шураг нь болоод л өнгөрсөн.

3. МСНЭ-ийн их хурлын өмнөх болон дараах шуугиан

МСНЭ-ийн ээлжит их хурал Б.Галаарид гэдэг хүнийг харлуулахад бас нэгэн том боломж олгосон гэж хэлж болно. Яг юу болсон нь 2018.02.09-нд миний бичсэн постоос бараг ойлгогдох болов уу гэж бодно. Энд товчлон оруулж байгааг бас анхаарна уу. Тэнд би “МСНЭ-ийн Удирдах зөвлөл 2018.01.08-нд хуралдаж ээлжит их хурлаа 2018.02.08-нд хийхээр товлож, үүнийгээ нийтэд албан ёсоор зарлаж, их хурлын бэлтгэл зохион байгуулалтыг хангах асуудлыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч болон ажлын албанд даалгасан. Үүний дагуу өөрийн вэбсайтдаа “МСНЭ-ийн ээлжит XVII их хурлыг 2018 оны хоёрдугаар сарын 08-ны Пүрэв гарагт хуралдуулахаар МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаас товлосон болохыг үүгээр зарлан мэдэгдэж байна. МСНЭ-ийн гишүүд, гишүүн байгууллагууд 2018.01.20-ны дотор татварын болон бусад тооцоогоо барагдуулна уу! МСНЭ-ийн ажлын алба. 2018.01.09” (http://cmj.mn/news/238–.html) гэсэн зар манайх байршуулсан. Бусад сувгаар ч хэл хүргэж, зар тараасан.
Удирдах зөвлөлийн дараагийн хурлаа 2018.01.22-нд хийж Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох асуудлыг хэлэлцээд Телевизийн салбараас 70 (Нийт төлөөлөгчдийн 22.9%); Радиогийн салбараас 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8%); Сонин, сэтгүүлээс 50 (Нийт төлөөлөгчдийн 16.3%); Сайтуудаас 50(Нийт төлөөлөгчдийн 16.3%); Сургалт судалгааны салбараас 20 (Нийт төлөөлөгчдийн 6.5%); Орон нутгийн хэвлэл мэдээллийн 55 (Нийт төлөөлөгчдийн 18%); Ахмад сэтгүүлчдээс 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8%) -нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдахаар болсон. Их хуралд оролцох гишүүдийг сонгохдоо: Татвар төлсөн байдал (2017, 2018 он); МСНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж оролцож ирсэн идэвх оролцоог гол шалгуур болгоно, Их хурлын төлөөлөгч нь аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалалтай байна гэж тогтсон. Ажлын алба энэ шийдвэрийн дагуу маргааш нь албан ёсоор зараа гаргаж, Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналын дагуу татвар төлөлтийн сүүлийн хугацааг2017.01.29-ний Даваа гариг болгосноо бас мэдэгдсэн. (http://cmj.mn/news/241–xvii-.html)
Энэ зуур МСНЭ мандатаа өөрийн гэсэн хүмүүстээ нууцаар тарааж байна, Галаарид ганцаараа шийдэж байна, тодорхой ханшаар зарж байна зэрэг худал мэдээллүүд зохион байгуулалттайгаар цацагдаж эхэлсэн. 2018.02.05-ны өдөр буюу манай Удирдах зөвлөлийн сүүлчийн хурлын өмнөх өдөр нь сэтгүүлч Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр МСНЭ болон миний тухай бүтэн цагийн яриан дунд ч мандат аль хэдий нь тараагдчихсан байгаа, уг нь их хуралд оролцож үгээ хэлмээр байгаа ч өөрсдөд нь мандат олдох боломжгүй гэсэн утгаар ярьцгаасан.
2018.02.06-ны өдөр Удирдах зөвлөл сүүлчийн хурлаа хийж, их хурлаа хэрхэн зохион байгуулах, мандат хуваарилах асуудал хэлэлцсэн. Миний зүгээс татвараа хариуцлагатай төлсөн, МСНЭ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг гишүүддээ эн тэргүүнд мандат олгоё гэсэн санал тавьсан. Хуралд оролцсон Удирдах зөвлөлийн 8 гишүүний нэг нь энэ саналыг дэмжиж, үлдсэн 6 нь буюу Д.Заяабат, М.Наранбаатар, Ц.Шаравдорж, Ц.Оюундарь, Энхбаатар, Х.Батхишиг нарын гишүүд санал нэгтэйгээр эсэргүүцсэн. Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Шаравдорж “Монголын сэтгүүлчдийн эрхийг татвараар хаан боогдуулж болохгүй” гэдэг үндэслэл гаргасныг бусад нь дэмжсэн. Ингэснээр татварыг бол мандат авах үедээ төлсөн ч болно, сэтгүүлчдийн оролцоог хангая гэж олонхоороо тогтсон. Мандат хуваарилах ажлыг мэргэжлийн төвүүд шийднэ, Ажлын алба техник ажлыг нь хийж гүйцэтгэнэ гэж олонхоороо шийдсэн. Ингэснээр телевизийн салбарын 70 мандатыг ямар телевиз, гишүүнд өгөх эрх УЗ-ийн Телевизийн төвийн дарга Ц.Оюундарь, радиогийн салбарын 30 мандатыг Радиогийн төвийн дарга Б.Баярсайхан, сонин сэтгүүлийн 50 мандатыг Сонин сэтгүүлийн төвийн дарга Д.Заяабат, сайтуудын 50 мандатыг Цахим мэдээллийн төвийн дарга Жаргалсайхан, сургалт судалгааны салбарын 20 мандатыг Сургалт судалгааны төвийн дарга Ж.Батбаатар, орон нутгийн хэвлэл мэдээллийн 55 мандатыг Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Шаравдорж, төвийн дарга Энхбаатар нар хариуцан хуваарилах болсон. Их хурлын төлөөлөгчдийн 9,8 хувь болох ахмад сэтгүүлчдийн 30 мандат хуваарилах үүрэг Ажлын албанд ногдсон. Өөрөөр хэлбэл, надад нэг ч мандат хуваарилах эрх байгаагүй. Оролцохыг хүсээ ч үгүй. Зарим төвүүдээс өгөх Их хурлын төлөөлөгчдийн нэрс удааширснаас болж 2018.02.07-нд нэлээд оройтож тодорхой болсон бөгөөд ажлын алба бүгдэд нь бичилт хийж өгсөн байдаг. (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1781115878858050&id=100008789648865) гэж бичсэн.
МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2018.02.06-ны хурал дээр өмнөх хурлуудын шийдвэрийг олонхиороо хүч түрэн цуцалж, салбар салбараас их хуралд оролцох төлөөлөгчийн нэрс гаргах эрхийг өөр өөртөө авч, хүссэнээрээ мандатаа олгосон Д.Заяабат тэргүүтэй хэдэн нөхөд маргааш нь хэвлэлийн хурал хийж их хурал хүчингүй гэж олон нийтэд зарласан нь санаатай гүтгэлэг бөгөөд намайг энэ асуудлаар шүүхэд өгөхгүй байгаагийн чухам учир нь бодит үнэнээс айсных гэж үзнэ.
Би 2018.02.12-нд өөрийн нүүр номондоо “Сар шинийн өмнө МСНЭ-ийн их хурлын ирцийн тухай хэрүүлд цэг тавья. Их хурлын 305 төлөөлөгчид мандат тараасан. Хурал эхлэхэд 232 төлөөлөгч ирсэн байсан. Өөрөөр хэлбэл мандаттай төлөөлөгчдийн 76 хувь буюу хангалттай ирцтэйгээр хурал эхэлсэн. Хурал дээр маргаан гарч 40 орчим төлөөлөгч хурал орхин гарсны дараа танхимд 188 төлөөлөгч үлдсэнийг хэд хэдэн удаа тоолж протоколд тэмдэглүүлсний дараа хурал үргэлжилсэн(МСНЭ-ийн Ажлын албанаас тараасан албан мэдээнд 185 гэж ташаарсан харагдана лээ). 188 төлөөлөгч гэдэг бол нийт 305 мандатын 61.6 хувь, хурал эхэлсэн ирцийн 83 хувь гэсэн үг. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхэд танхимд 181 төлөөлөгч байсан. Нэр дэвшигч Х.Мандахбаяр 155 хүний санал авсан. Энэ нь санал өгсөн төлөөлөгчдийн 85.6 хувийн дэмжлэг авсан гэсэн үг. Хурлын анхны ирц 232 төлөөлөгчид бүгдээрээ оролцсон гэж үзвэл 66.8 хувийн санал авсан гэсэн үг. Ингээд харахаар ирц хүрэхгүй, хурал хүчингүй гэж ярих ямар ч үндэс байхгүйг тэнэг хүн ч ойлгох байх аа”https://www.facebook.com/profile.php?id=100008789648865 гэснийг минь тэд хэрхэн үгүйсгэж чадах билээ дээ.

Төгсгөл үг

Би МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр 2015.12.25-нд томилогдсон. Хуулиараа бол 2021 онд хугацаа минь дуусна. Тийм болохоор нэг хоногийн өмнө ч болов намайг чөлөөлүүлэхээр тачаадаж буйгаа үг үйлдлээрээ үргэлж нотлоод буй нэгэн улстөрчийн хүсэл биелтэл намайг гутаах гүтгэх аян тасрахгүй, тэгэхдээ ямар ч арга хэрэглэхээс буцахгүй л болов уу.
Оюутан байхад сэтгүүлчийн ангийнханд нэг удаа ухуулгын хориотой аргууд гэж тойм лекц орж билээ. Тэгэхэд хэн нэгнийг олон нийтэд муухай харагдуулах гэвэл “өмхийрсэн загасны арга” гэж хэрэглэдэг, тэр нь хэн нэгнийг тасралтгүйгээр гүтгэн гүжирдэх арга, энд нотолгоо чухал биш, түгээж буй мэдээллийн үр дагавар нь чухал байдаг, харлуулсан мэдээ өмхийрсэн загасны үнэр удах тусам улам их тархдагтай адилхан гэж тайлбарлаж байж билээ. Миний эсрэг дайраад байгаа “шудрага үнэний элч төлөөлөгчид”-ийн нэгд нь хандан “Та нар ингэж байхаар намайг шүүхэд өгчихөөч дээ” гэж гуйхад минь “Тийм зав алга” гэж хариулсан. Нээрээ л миний тухай “өмхийрсэн загас мэт” үнэртэй гүжирдлэг үйлдвэрлэж яваа улсад ямар ч зав байх билээ дээ.

Сэтгүүлч Б.Галаарид 2018.04.22.

+ There are no comments

Add yours